Прокурорын байгууллага 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Үүнийг ангилбал:
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94,
- Өмчлөх эрхийн эсрэг 61,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13,
- Хүний амьд явах эрхийн эсрэг 8,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 3,
- Авлига, албан тушаалын 3,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2,
- Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэрэг байна.
- Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Зарим хэргийг онцолбол:
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг дарга О.Түвшин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэсгийн ахлагчаар Г.Ч-г ажилд томилон, цалин олгож, өөртөө авч зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Иргэн Б.Б мөнгөн ус зориулалтын бусаар ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 (Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.