Улсын Прокурорын байгууллага нэгдүгээр сарын 23-27-нд хэрэг бүртгэлтийн 29,692, мөрдөн байцаалтын 2,407 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
Нийт 264 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлэснээс
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132
- Өмчлөх эрхийн эсрэг 63
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 9
- Авлига албан тушаалын 8
- Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2
- Мөрийтэй тоглоом зохион байгуулах 1 хэрэг байв.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийг дурдвал:
-Хөвсгөл аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан А нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус сургуулийн дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Булган аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Л нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 259 кг хуш модны самрыг зохих байгууллагад шилжүүлэхгүйгээр худалдан борлуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Э, Хөдөлмөрийн эрхлэлтийн хэлтсийн дарга М нар нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлыг зохион байгуулсан тэмдэглэл үйлдэж, сонгон шалгаруулалтгүйгээр бусад компанид давуу байдал олгон 90 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Иргэн Ө нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоомын газар байгуулж, иргэдийн дунд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн гэдгээ Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээлэв.