Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭНТИЙ: Малын тоо өмнөх оноос 13.3 хувиар цөөрчээ



Аймгийн Онцгой комиссын II хуралдаан энэ сарын 30-нд болж, өвөлжилтийн нөхцөл байдал, мал амьтны гоц халдварт өвчний талаар хэлэлцжээ.

УЦУОШТ-өөс хийсэн мэдээллээр "2023 оны 12 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 90 хувьд их (57% нэн их, 23% их), 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэж гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна. Зудын эрсдэл ихтэй нутгийн хэмжээ 11 дүгээр сарын 30-наас хойш 20 орчим хувиар нэмэгдсэн, бэлчээр нягтарч хатууран, зузаан цастай болсон, эрс хүйтэрсэн зэргээс үзэхэд өвөлжилт нийт нутгаар хүндэрч, цаашид улам бүр муудахаар байна" гэв.

Хүнс, хөдөө аж ахуйн газраас тус аймгийн хэмжээнд 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 12.5 мянган малчин, мал бүхий өрхөд 4,4 сая толгой мал тоолуулсан нь малын тоо өмнөх оноос 675.6 мянган толгой буюу 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг мэдээлэв.

Аймгийн хэмжээнд 16 сумын нутаг дэвсгэрт тэмээ 10, адуу 1827, үхэр 2612, хонь 12573, ямаа 10805 нийт 27827 толгой мал хорогдсон нь нийт малын 0.7 хувийг эзэлж байна. Малын хорогдол Галшар, Баянмөнх, Бор-Өндөр суманд 2.4-3.4 хувийг эзэлж байгаа юм. Малчдын бэлтгэсэн өвсний 62,5 хувь болох 75,5 мянган тн өвсийг зарцуулсан байна. Аймгийн хэмжээнд сумдын аюулгүйн нөөцөд 978.5 тн өвс, 565 тн тэжээл бэлтгэжээ. Аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвсний 62,6 хувь болох 613,5 тн, тэжээлийн 63.1 хувь болох 357 тн-ыг тус тус зарцуулаад байгаа аж. Үлдэгдэл 365 тн өвс, 208 тн тэжээл байна гэв. Өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод аймгийн Матад сумаас 25,0 мянган боодол өвс татан авахаас өнөөдрийн байдлаар 13125 боодол өвс татан авч Галшар, Баянхутаг, Дархан, Баян-Овоо, Бор-Өндөр, Хэрлэн, Өмнөдэлгэр, Мөрөн сум болон Бэрх, Өлзийт тосгонд өвс олгоод байна" гэлээ.

Харин Мал эмнэлгийн газраас Жаргалтхаан сумын Чулуут багийн малчин Х-ийн суурьт хонины цэцэг өвчин гарсан нь 2024.01.13-ны өдрийн шинжилгээний дүнгээр оношлогдож, сумын Засаг даргын 2024 оны А/08 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, голомтын суурийн өвчилсөн 25 хуцыг устгажээ. Голомтын бүсийн гурван өрхийн 2064 хонийг үзлэгт хамруулж, зургаан өрхийн 2861 хонийг тарилгад хамруулсан гэв. Одоогоор нэмж өвчилсөн мал байхгүй, тайван байна. Цэцэг өвчний үеэр 30 хоног хорио цээр, 14 хоног хязгаарлалтын дэглэм тогтоодог аж.

Мөн Дархан сумын хараат багийн малчин Г-ийн суурьт 2024.01.12-ны өдөр бог малын мялзан өвчин оношлогдсон тул сумын Засаг даргын 2024 оны А/04 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Дархан, Бор-Өндөр сумаас хамтарсан ажлын баг гарч 45 ямааг устган, 400 м2 талбайг халдваргүйжүүлсэн. Голомтын зургаан өрхийн 3820 толгой малыг үзлэгт хамруулахад сэжигтэй мал илрээгүй. Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтад голомтын өрхийн 3112 толгой бог малыг хамруулсан. Аймгийн Мал эмнэлгийн газраас Дархан, Бор-Өндөр суманд мялзангийн вакцин 8200 тун, Жаргалтхаан суманд хонины цэцэг өвчний 2900 тун вакцин олгосон гэж мэдэгдлээ.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ