УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн “дүрэм” тодорхой болсон. Гэхдээ шинэ тутам учраас ойлгомжгүй асуудал олон байгаа бололтой. Олон нийт байтугай УИХ-д нэр дэвших хүсэлтэй хүмүүс ч тойрог руу нэг харж, жагсаалт руу нэг сарвайгаад учраа сайн олохгүй л байна.
Ямартаа ч энэ сонгуулиар эхлэх тоо, тогтолцооны өөрчлөлтөөс хамаараад нэр дэвшилтэд асар өндөр шаардлага тавигдахаар байгаа юм. Энэ нь тойрогт нэр дэвших хийгээд жагсаалтад бичигдэх хоёуланд нь хамаатай. Гол нь үүнд намуудын удирдлагын мэдрэмж чухал аж.
Гэхдээ намууд өөр өөр бодлогын шийдэл хийж таарна. Бас улс төрийн намууд нийтээрээ нэр хүнд тааруухан байгаа учраас “нэр, гар цэвэр” хүмүүсээ сойхгүй бол годройтно. Харин ялгаа нь жагсаалтад шинэ тутам улстөрчид бичигдэж, хуучны улстөрчид нь тойрогт нэр дэвших төлөвтэй болж байна. Лав МАН иймэрхүү дүр зурагтайгаар нэр дэвшүүлэхээ дарга, генсек хоёр нь хууль батлах үеэр л нийтэд ярьцгаачихсан. Генсек Д.Амарбаясгалан нь “...126 гишүүнтэй холимог тогтолцоогоор бий болгох УИХ-ын утга учир өнөөдрөөс эхлэн тайлбарлагдаж эхлэж байна. Энэ жагсаалтаар нийгмийн бүлгийн төлөөлөл болгоны бодлогыг хэрэгжүүлэх зорилготой. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөөгийн малчид, эмч, багш, сэхээтний төлөөллүүдийг энэ жагсаалтад бичиж өрсөлдөөн багатай парламентад орж суух боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь тэднийг дарга болгож буй хэрэг биш харин салбарын дуу хоолойг л тусгаж буй хэрэг. Дарга нар жагсдаг гэдэг ойлголтыг үгүй хийнэ” гээд мэдэгдчихсэн. Мөн өнгөрсөн зун МАН-ын Удирдах зөвлөл Тэрэлжид “хуралдах” үеэр дээрх асуудлыг нэлээд нарийвчилж тохирсон гэдэг.
Тодруулбал, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс жагсаалтын “дүүргэлт”-ийг уламжлалтаас өөрөөр хийх шахалтыг үзүүлэх магадлалтай байгаа юм. Аль болох улстөрчдөөс чөлөөлж, мэргэжлийн хийгээд нийгмийн сегментүүдийн төлөөллийг “жагсааж” мэднэ.
Ингэхээр намын жагсаалтаар улстөрчид олноороо УИХ-д орж суухгүй гэсэн үг. Ерөөсөө Л.Оюун-Эрдэнэ бүсчилсэн том тойрогт маш их анхаарч, санаачлан батлуулснаас энэ санаа нь харагдаж байгаа юм. Ингээд намынхаа лидер гэгддэг улстөрчдийг жагсаалтаас шахчихаар өөрөө яах вэ гэдэг асуудал босож ирнэ. Мэдээж, бусдыгаа тойрогт явуулчихаад өөрөө жагсаалтын ард нуугдах нь түүнд хэцүү. Тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэ шиг улстөрч жагсаалтаас татгалзах магадлал өндөр. Дагуулаад намын генсекээ ч тойрогт явуулж таарна. Эндээс “...МАН-ын дарга, геснек хоёр тойрогт нэр дэвшчихвэл жагсаалтыг хэн толгойлох вэ” гэдэг асуулт босож ирнэ. Тэр ихээхэн анхаарал татаж байгаа юм. Түүнээс гадна“...МАН-ын удирдлагууд тойрогт нэр дэвшчихээр АН, ХҮН, бусад намын дарга нар яах вэ” гэдэг илүү сонирхол татна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин