УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болоход сар гаруй хугацаа үлдээд байна. Энэ долоо хоногт нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулна. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаараа тойрог бүрийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ. Энэ удаа Төв аймгийн тойргуудыг онцоллоо. Долоон удаагийн сонгууль болоход тус аймгийнхан МАН-д долоон удаа итгэл хүлээлгэсэн. Аргагүй л улаан тойрог юм. Ийнхүү Төв аймгийн долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөнийг тоймлон хүргэе.
1992 он: МАН /МАХН/
Анхны ардчилсан сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Төв аймгийн тойрогт МАН/МАХН/-аас Ч.Дашдэмбэрэл, Б.Лхагвасүрэн, М.Зэнээ нар олонхийн санал авч анхны ардчилсан парламентын гишүүд болж байв.
1996 он: АН, МАН
Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. Таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Төв аймагт энэ удаа дөрвөн мандаттай сонгууль болж, МАХН, АН-д ижил тэнцүү ялалт өгөв. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Ганболд ялалт байгуулсан. 36 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн М.Зэнээ ялж, гишүүн болсон. УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрогт МАН-аас өрсөлдсөн С.Гончиг олонхийн санал авсан байдаг. Харин 38 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Ү.Наранцэцэг ялалт байгуулав. Тухайн онд иргэдийн 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай парламент бүрдэж байв.
2000 он: МАН
УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль болж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Төв аймгийн тойрогт хамгийн олон буюу дөрвөн мандат дээр нийт 27 нэр дэвшигч өрсөлдсөн байдаг. 35 дугаар тойрогт олонхийн саналыг МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Дондог авсан. 36 дугаар тойрогт М.Зэнээ, 37 дугаар тойрогт Ц.Өөлд, 38 дугаар тойрогт Н.Энхболд ялав. Төв аймгийнхан энэ онд МАН-ыг багаар нь сонгосон юм. Нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.
2004 он: МАН
Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Төв аймгийн сонгогчид энэ оны сонгуулиар дахин МАН-д итгэл үзүүлэв. 35 дугаар тойрогт Д.Дондог, Н.Батцэрэг, Л.Сүхбат нар өрсөлдөж, МАН-аас нэр дэвшсэн Д.Дондог ялалт байгуулсан байдаг. 36 дугаар тойрогт С.Батболд олонхийн санал авч анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Түүнтэй Ш.Сүхбаатар, Ч.Оюунгэрэл нар өрсөлджээ. 37 дугаар тойрогт мөн МАН-аас нэр дэвшсэн Ц.Сүхбаатар ялалт байгуулсан. 38 дугаар тойрогт Н.Энхболд олонхийн санал авч, хоёр дахь удаагаа парламентад сонгогдсон юм. Түүнтэй Ш.Түвдэндорж, Г.Тэмүүжин нар өрсөлдөж байв.
2008 он: МАН
Төв аймаг аргагүй МАН-ын гэмээр тойрог ажээ. Тухайн оны сонгуулиар мөн л МАН олонхийн санал авсан. Тухайлбал, МАН-аас нэр дэвшсэн С.Батболд, Н.Энхболд, М.Энхболд, Д.Дондог нар олонхийн санал авсан юм. Тэдэнтэй Ш.Батцэцэг, Ш.Сүхбаатар, Х.Золжаргал, Ч.Оюунгэрэл нар өрсөлдсөн.
Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.
2012 он: МАН
УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Төв аймагт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Батболд, М.Энхболд нар ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.
2016 он: МАН
МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав. Төв аймгийн тойргууд ч МАН-д итгэл үзүүлсэн. Төв аймгийн 28 дугаар тойрогт М.Энхболд, Б.Энхбайгаль, Ц.Оюунсайхан нар өрсөлдөж, М.Энхболд гишүүнээр сонгогдов. 29 дүгээр тойрогт А.Сүхбат, Т.Энхсайхан, Б.Батсайхан өрсөлдөж, А.Сүхбат олонхийн санал авсан. Харин 30 дугаар тойрогт Н.Энхболд ялалт байгуулсан юм. Түүнтэй Д.Доржпүрэв, О.Буяннэмэх нар өрсөлдсөн билээ.
2020 он:
Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна. Улс төрийн нам, эвслүүд энэ долоо хоногт нэр дэвшигчдээ зарлах юм. Харин бие даан нэр дэвшигчид тойргийн сонгогчдоосоо гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Төв аймагт “Та бидний эвсэл”-ээс МАХН-ын Төв аймаг дахь Мянгатын дарга О.Буяннэмэх өрсөлдөнө. Тэрээр 2016 оны сонгуулиар тус тойрогт нэр дэвшиж байсан туршлагатай. МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат нар өрсөлдөх магадлалтай. Гэхдээ зарим улстөрчийг нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд бий. Харин АН-аас Төв аймагт Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, АН-ын генсек асан Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа.
Т.БатсайханЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин