Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өргөн барьсан хоёр төслийг нэгтгэж, Сонгуулийн хуулиа батална

Парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлав.  Ингэснээр 2024 онд болох УИХ-ын сонгуулиар бид 76 биш 126 гишүүнийг сонгохоор болж байна.  Мөн сонгуулийн мажоритар тогтолцоог өөрчлөн, холимог болгов. УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид өмнөх шиг тойрог тус бүрээс өрсөлдөхөөс гадна 48 гишүүн намын жагсаалтаар орж ирэх юм.  Үндсэн хуульдаа ийнхүү томоохон хэмжээний өөрчлөлтийг хийсэн  парламент  энэ долоо хоногоос Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлнэ.  Тодруулбал,  УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүний санаачлан боловсруулсан  Сонгуулийн хуулийн төсөл болон  О.Цогтгэрэл нарын АН-ын бүлгээс өргөн барьсан Сонгуулийн хууль гэсэн хоёр хувилбарыг хэлэлцэн нэгтгэж зургадугаар сарын 20-ны дотор батлах учиртай.

Өргөн баригдсан хуулийн төслүүдээс онцлох өөрчлөлтийг хүргэе. Мэдээж Үндсэн хуулийг өөрчлөн баталсантай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн тоо,  сонгуулийн холимог тогтолцоог Сонгуулийн хуульд нийцүүлэн батална.  Мөн хуулийн төслүүдэд ижил төстэй олон зүйл заалт байна. Тухайлбал: Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл гурван хувь байхаар оруулах, мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах гэсэн ижил заалт зарчим орсон байх жишээтэй.

УИХ-ын О.Цогтгэрэл нарын өргөн барьсан хуулийн төсөлд:
Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих, 48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгах. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч дэвших ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах, нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх, сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэх зэрэг саналууд тусгасан байна. УИХ-ын нийт найман удаагийн сонгуулийн долоо нь мажоритар тогтолцоогоор, 2012 онд явагдсан сонгууль хосолсон тогтолцоогоор  явагдсан. Гэхдээ 2012 онд намын нэрсийн жагсаалт хаалттай, эмэгтэй эрэгтэй нэр дэвшигчийн нэрсийг хэрхэн байрлуулах талаар ямар нэг хуулийн зохицуулалт байгаагүй. Тэгвэл сонгуулийн шинэ хуулийн төсөлд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг хуулиар зохицуулахаар тусгажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ