Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“АВЛИГА” ХОРООЛЛЫН АРД НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН М.ЦЭЛМЭГ БАЙДАГ УУ


Газрын наймаачдын “алтан үе” ингэж эхэлсэн. 2000 онд, Хотын дарга М.Энхболд хамгийн ойрын хоёр хүнээ дуудаж, хамтарч хотыг “эрхшээх” санал тавьсан. Нэг нь Нийслэлийн Ерөнхий менежер Т.Бадамжунай, нөгөө нь Нийслэлийн Ерөнхий архитектор М.Цэлмэг. Тэр гурав хотод таван жил ноёрхсон. Ерөнхий менежер Т.Бадамжунай газар зуучилж, Хотын дарга М.Энхболд тэр газрыг нь олгож, Ерөнхий архитектор М.Цэлмэг олгосон газар дээр нь барилга барих зөвшөөрөл баталж, тун сайн хоршдог байж. Тэр таван жилийн хугацаанд тэд ч хөлжсөн, хот ч дүүрсэн түүхтэй.  
Тэгвэл М.Энхболдын зүүн гар болж, Нийслэлийн Ерөнхий архитектороор таван жил ажилласан М.Цэлмэг толгой баячуудын нэг болж томорчээ. Түүний хотоос “халаасалсан” хөрөнгүүдийг шүүж үзвэл, хүүгийнх нь компанийн нэр дээр хотын “А” зэрэглэлт 2.7 га газар, “Khans vill” гэх хотхон гарч ирж байна. Хамгийн ноцтой нь, М.Цэлмэгт “Khans vill” хотхоныг барьж өгсөн “дүү нар” нь одоо “Авлига” хорооллыг барьж буй аж. Өөрөөр хэлбэл, Хотын захиргааг ч заргалдаад дийлдэг “Авлига” хорооллын ард Ерөнхий архитектор асан М.Цэлмэг байж болзошгүй сэжүүрүүд байна

М.ЦЭЛМЭГ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР БАЙХДАА “ТЕКТОНИК” ХХК-ИЙН НЭР ДЭЭР М.ЭНХБОЛДООС 2.7 ГА ГАЗАР АВЧ, “KHANS HILL” ХОТХОНЫГ БАРЬЖЭЭ 

     Нийслэлийн Ерөнхий архитектор асан М.Цэлмэгийн том хүү Ц.Эсэн “Тектоник” ХХК-ийг ганцаараа эзэмшдэг. Ц.Эсэнгийн эзэмшдэг “Тектоник” ХХК нь ХУД-ийн 15-р хороо, “Home plaza”-гийн баруун урд байрлах тус бүр 15 давхар, дөрвөн блок орон сууц бүхий “Khans Vill” хотхоныг барьж, худалджээ. Мөн “Khans Vill” хотхоны зүүн талд таван давхар цэцэрлэг, хоёр давхар үйлчилгээний төв барьж, түрээслүүлж байгаа аж. 
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн А/360 дугаар захирамжаар “Тектоник” ХХК-д Хан-Уул дүүргийн 15-р хороонд 18644309013439 нэгж талбарын дугаартай 27,000м2 буюу 2.7 га газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ. Тухайн үед М.Цэлмэг Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газрын дарга буюу Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, Хотын дарга М.Энхболд Ерөнхий архитектор М.Цэлмэгт 2.7 га газар “бэлэглэчихжээ”. Улмаар М.Цэлмэг Нийслэлийн Ерөнхий архитекторын ажлаа өгснөөсөө жилийн дараа буюу 2007 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр “Техтоник” ХХК-ийнхаа эзэмшлийн 2.7 га газар дээр орон сууцны есөн блок барилга барихаар Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газраар буюу Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор Ху/04/07 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” батлуулжээ. Тухайн үед М.Цэлмэгийн орыг залгаж, түүний “цэрэг” Н.Нацагдорж Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор ажиллаж байв. Ингээд барилгын “А” төлөвлөгөөгөө батлуулсан “Техтоник” ХХК 2008 онд “Khans Vill” хотхон нэрээр нийт есөн блок барилгын суурь цутгалтыг ажлыг гүйцэтгэж эхэлсэн.  
Харин 2011 онд Ц.Эсэнгийн “Техтоник” ХХК өөрийн эзэмшлийн 27,000м2 газрынхаа яг талыг буюу 13,500м2 газрыг “Донгхүүн глобал” ХХК-д шилжүүлжээ. Дээрх дурдсанчлан М.Цэлмэг 2007 онд анх “Khans vill” хотхоныг нийт есөн блок орон сууцтай байхаар зураг төслийг нь гаргаж, “А” даалгаврыг нь батлуулж, суурийг нь цутгасан. Тиймдээ ч 2011 онд газраа голоор нь хуваахдаа “Техтоник” ХХК-ийн 13,500м2 газарт дөрвөн орон сууц бүхий “Khans vill-1” хотхон, “Донгхүүн глобал” ХХК-ийн 13,500м2 газарт таван орон сууц бүхий “Khans vill-2” хотхоныг барихаар төлөвлөсөн аж. Ингээд 2011 оны наймдугаар сард “Тектоник” ХХК-ийн газар дээрх “Khans vill-1” хотхоны дөрвөн блок барилга угсралтын ажлыг эхлүүлж, гүйцэтгэгчээр нь “БҮТИ” ХХК-ийг ажиллуулсан бөгөөд 2014 онд ашиглалтад оруулсан.   
Харин “Донгхүүн глобал” ХХК-ийн газар дээрх “Khans vill-2”  хотхоны таван блок барилгын ажлыг таван жилийн дараа буюу 2019 онд эхлүүлж, барилга угсралтын гүйцэтгэгчээр нь мөн л “Бүти” ХХК-ийг ажиллуулжээ. Гэхдээ 2020 онд ашиглалтад оруулахдаа “Khans vill-2” хотхон нэрээр биш “Buti Town” хотхон нэртэйгээр ашиглалтад оруулсан байгаа юм. Хаяа залгасан энэ хоёр хотхон “Khans vill”, “Buti town” гэх хоёр өөр нэртэй, гадна пасадны өнгө нь өөр боловч М.Цэлмэгийн буюу “Тектоник” ХХК-ийн 2007 онд батлуулсан зургаар баригдсаныг сансрын зургаас харж болно. 
Тайлбар: Цэнхэр-"Тектоник" ХХК-ийн "Khans vill" хотхон, Улаан-"Донгхүүн глобал" ХХК-ийн "Buti Town" хотхон 
Эндээс харвал, Нийслэлийн Ерөнхий архитектор асан М.Цэлмэг хотын “А” зэрэглэлд есөн орон сууц нэг дор барьж худалдвал авлига албан тушаалын хэрэгтэн болно гэдгээ тооцсон. Тиймдээ ч 2004 онд өөрийн болгосон 2.7 га газар, 2007 оноос барьж эхэлсэн есөн барилгаа 2011 онд дөрөв болон таваар нь хоёр хувааж, “Тектоник” ХХК-ийн “Khans vill” хотхон, “Донгхүүн глобал” ХХК-ийн “Buti Town” хотхон гэж хоёр өөр компанийн хоёр өөр хотхон мэтээр ашиглалтад оруулж худалдсан гэж харагдаж байгаа юм. Түүний санаснаар ч болж, “Тектоник” ХХК-ийг, “Khans vill” хотхоныг М.Цэлмэгийнх гэдгийг хэн ч мэдэхгүй үлджээ. 

М.ЦЭЛМЭГТ “KHANS HILL” ХОТХОНЫГ БАРЬЖ ӨГСӨН “БҮТИ” ХХК, “ДОНГХҮҮН ГЛОБАЛ” ХХК-УУД НИЙЛЖ, “АВЛИГА” ХОРООЛЛЫГ БАРЬЖ БАЙНА

 
Дээрх баримтаас ургуулж хөөвөл, Нийслэлийн Ерөнхий архитектор асан М.Цэлмэг “Авлига” хороололтой тун доторхой гурван сэжмээр холбогдож байна. Дээр дурдсан баримтыг задалж тайлбарлъя.  
1. Нийслэлийн Ерөнхий архитектор М.Цэлмэгийн том хүү Ц.Эсэнгийн “Тектоник” ХХК-ийн “Khans vill” хотхоны барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр “Бүти” ХХК ажилласан. “Бүти” ХХК нь “Авлига” хороолол буюу “Aqua garden” хотхоны барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Мөн “Бүти” ХХК-ийг хамтран эзэмшигч Г.Батжаргал нь“Aqua garden” хотхоны хөрөнгө оруулагч “Мөнх тэнгэр хөх тэнгис групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. 
2. Нийслэлийн Ерөнхий архитектор асан М.Цэлмэгийн том хүү Ц.Эсэн “Тектоник” ХХК-ийнхаа 27.000м2 газрын талыг буюу 13,500м2 газрыг “Донгхүүн глобал” ХХК-д өгч, тус компанийн нэр дээр “Khans vill-2” хотхоныг буюу “Buti town” хотхоныг ашиглалтад оруулсан. М.Цэлмэг, түүний хүү Ц.Эсэн нарын “Тектоник” ХХК-ийн охин компани мэт харагдах “Донгхүүн глобал” ХХК нь Бямбажавын Энхболд гэх залуугийн нэр дээр байдаг. Тэгвэл Бямбажавын Энхболд нь  “Aqua garden” хотхоны хөрөнгө оруулагч “Мөнх тэнгэр хөх тэнгис групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. 
 
3. “Aqua garden” хотхоны хөрөнгө оруулагч “Мөнх тэнгэр хөх тэнгис групп” ХХК-д Мөнхсайханы Золбаяр гэх залуу хувьцаа эзэмшдэг. М.Золбаяр нь “Aqua garden” хотхоны буюу “Авлига” хорооллын зураг төслийг боловсруулсан “МОГҮМБ констракшн” ХХК-ийг Хоролсүрэнгийн Бат-Өлзий гэгчтэй 2017 оны дөрөвдүгээр сарын 11-нээс эзэмшиж эхэлсэн. Харин Х.Бат-Өлзий нь Нийслэлийн Ерөнхий архитектор асан М.Цэлмэгтэй Намонтэс” ХХК, “Гүүдколл” ХХК, “Цэнгэг туул ус” ХХК-уудыг хамтран эзэмшдэг. Мөн өмнө нь Х.Бат-Өлзий, М.Цэлмэг нар “Эко шийп трейд” ХХК, “Голден трийпл” ХХК, “Алтанбулаг дюти фрий чөлөөт бүс” ХХК, “Голомт бадрах чөлөөт бүс” ХХК-уудыг хамтран үүсгэн байгуулж байсан. 
     Ингэж харвал, “Авлига” хорооллын барилга газрыг эзэмшигч “Эм Энд Жи констракшн” ХХК, барилга угсралтыг гүйцэтгэгч “Бүти” ХХК-ийг эзэмшигч Гэндэнгийн Батжаргал болон “Авлига” хорооллын хөрөнгө оруулагч “Мөнх тэнгэр хөх тэнгис групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бямбажавын Энхболд, Мөнхсайханы Золбаяр нарын хэн хэн нь Нийслэлийн Ерөнхий архитектор асан М.Цэлмэгтэй, түүний хүү Ц.Эсэнгийн “Тектоник” ХХК-тай холбогдож байна. 

Ergelt.mnскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ