АНУ-ын Нью Жерси мужийн Дээд шүүх мягмар гаригт эмэгтэй хохирогчид хандан “бэлгийн хүчирхийлэлд өртөхгүйн тулд ичимдэг эрхтнээ дарж хамгаалах ёстой байсан” гэж зөвлөсөн шүүгчийг ажлаас халж, шүүгч хийх эрхийг нь бүх насаар нь хориглосон байна. Тус мужийн Дээд шүүхийн шүүгч Жон Руссотой холбоотой энэхүү асуудал олон жил үргэлжилсний эцэст ийнхүү шийдвэр гаргажээ. Нью Жерси мужийн Дээд шүүхийн шүүгч нар түүнийг ёс зүйн ноцтой зөрчил давтан үйлдсэн гэж үзэн нэгдсэн саналтайгаар уг шийдвэрийг гаргасан аж.
Жон Руссогийн эцэг Жон Ф.Руссо нь 1986-1990 онд Нью Жерси мужаас Сенатад сонгогдон ажиллаж байсан нэгэн юм. Тиймээс иргэд түүнийг эцгийнхээ нэр хүнд, албан тушаал, танил талыг ашиглан зөрчлөө нуун дарагдуулж болзошгүй гэж сэжиглэн, хэрэг явдал олон жилийн турш олны анхааралд өртсөөр ирсэн. Тодруулбал, Жон Руссо 2016 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн нэхэмжлэлээр сэжигтэн этгээдэд ял оногдуулах шүүх ажиллагааг даргалах үеэр уг асуудалд үүссэн юм. Хохирогч эмэгтэй шүүх ажиллагааны үеэр түүнийг хүчирхийлсэн эрэгтэй хэрхэн түүнд халдсан талаар мэдүүлэг өгсний дараа, Жон Руссо “Та хэн нэгэн тань руу бэлгийн хүчирхийлэл хийх зорилгоор халдахад яаж зогсоохоо мэдэх үү?” гэж асуусан байна. Үүний хариуд хохирогч эмэгтэй “Тийм. Жишээ нь зугтаж болно” гэж хариулжээ. Харин шүүгч Жон Руссо тухайн үед эмэгтэйд хандан “Та тухайн үед ичимдэг эрхтэнээ дарж хамгаалсан уу? Цагдаа дуудсан уу? Эдгээрийн аль нэгийг хийсэн үү” гэж асуусан байна. Мөн Нью Жерси мужийн Шүүхийн үйл ажиллагааны хяналтын хорооны тайланд дурдсанаар “Жон Руссо шүүх ажиллагаа дуусаж, хохирогч эмэгтэй шүүх танхимаас гарсны дараа шүүхийн ажилтнуудтай харилцан ярианыхаа талаар хошигнон, эмэгтэйг тохуурхаж байсан” гэжээ.
Жон Руссо тухайн үед “Би хэрэг үйлдэгдсэн процессын талаар илүү их мэдээлэл олж авах, хохирогч эмэгтэйн мэдүүлгийг тодруулах зорилгоор ингэж асуусан” гэж мэдэгдээд, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байсан юм. Уг асуудлыг Нью Жерси мужийн Шүүхийн зөвлөл тухайн үед авч хэлэлцээд, түүний шүүх эрхийг гурван сарын хугацаанд цалингүй түдгэлзүүлэх шийтгэл оногдуулсан байна. Гэсэн ч Жон Руссо шийтгэлээ хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах нэхэмжлэл гаргасан юм. Харин мужийн Шүүхийн зөвлөл өнгөрөгч оны нэгдүгээр сард Жон Руссогийн асуудлыг хэлэлцээд, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн хэргийг шүүх шүүх хурлыг даргалах явцдаа удаа дараа ёс зүйн доголдол гаргаж байсан болохыг тогтоож, түүнийг бүр мөсөн ажлаас чөлөөлөх санал гаргасан байна.
Гурван хүний бүрэлдэхүүнтэй мужийн Шүүхийн зөвлөлийн тайланд Жон Руссо өмнө нь дөрвөн ч удаа энэ төрлийн шүүх ажиллагааг даргалах үеэрээ ёс зүйн зөрчил гаргасан болохыг баримттайгаар илтгэсэн аж. Нью Жерси мужийн Ерөнхий шүүгч Стюарт Рабнер энэ талаар “Жон Руссо гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн шүүх ажиллагааг даргалах ямар ч ёс зүйгүй болох нь Шүүхийн зөвлөлийн тайлангаас тодорхой харагдсан. Түүний хувь хүний ерөнхий хандлага болон ёс зүй цаашид шүүгч хийхэд тохиромжгүй. Түүний зан байдал олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан. Хариуцагч Жон Руссо олон удаа шүүгчийн ёс зүйн хэмжээг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс АНУ-ын хуулийн нэрийн өмнөөс түүнийг албан тушаалаас нь нэн даруй зайлуулахыг үүрэг болголоо” гэжээ. Жон Руссо мягмар гаригт Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн ч өмгөөлөгчийнхөө хамтаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.
О.Мөнхбат
Эх сурвалж: USA Today, Time, Insider New Jersey