Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын чанартай арга хэмжээний хөтөлбөрт “Айраг фестиваль”-ийг энэ оны наймдугаар сард Булган аймагт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, эх орноо гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөсний нэг нь айраг, адууны өв соёл, уламжлалтай холбоотой “Айраг фестиваль” юм.
Тус аймагт өнгөрсөн онд айраг, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх “Айраг наадам 2022” эвент үйл ажиллагааны хүрээнд 6 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж, Улаанбаатар хот, төвийн бүсийн 4 аймаг, Булган аймгийн 13 сумын 300 гаруй урлаг соёлын ажилтнууд 16000 гаруй иргэнд соёлын үйл ажиллагаа үзүүлсэн байна.