Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТОДРУУЛГА: “Ховд аймгийн Төв талбайд зассан сүлд модыг хүүхэд эмэгтэйчүүд өөрсдийн гараар хийсэн, зардалд бага хэмжээний мөнгө л шийдвэрлэсэн“


Сүүлийн өдрүүдэд Ховд аймгийн төв талбайд зассан сүлд модны талаарх мэдээллүүдэд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Тухайлбал, эл сүлд модыг төсвийн мөнгөөр хийлгэж, шүүмжлэл гарсаны дараагаар дахин мод хийлгэсэн гэх мэдээлэл ч гарсан юм. Тэгвэл эл асуудлаар Ховд аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадоржтой холбогдож тодруулга авлаа.
-Төв талбайд зассан сүлд модтой холбоотой олон мэдээлэл гарч байна. Анх цацагдсан зураг дээр байсан сүлд модыг буулгаж дахин өөр мод байрлуулсан юм уу. Ер нь тухайн модыг хийлгэсэн юм уу эсвэл өмнө ашиглаж байсан мод байв уу гэдэгт хариулт өгөхгүй юу?
-Олон нийтийн цахим сүлжээнд анх цацагдсан зураг нь гацуур мод бэлэн болоогүй байх үеийн зураг. Тухайн сүлд модны чимэглэлийг манай Ховд аймгийн Жаргалант сумын цэцэрлэгийн багш, хүүхдүүд хамтарч хийсэн. Харин сүлд модны тухайд манай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл санаачилга гаргаж байгаль дэлхийдээ ээлтэй, дэлхийн чиг хандлагад нийцсэн хог хаягдал дахин ашиглаж, гарын доорх материалаар хийсэн. Чимэглэл нь ч бүрэн гүйцэд болоогүй байхад нь зургийг нь цахим сүлжээнд тавьж, ташаа мэдээлэл гарсанд харамсаж байна.
-Тухайн сүлд модыг 10 саяын тендертэй гэх мэдээлэл ч гарсан шүү дээ. Тухайн сүлд модыг хийлгэхэд төсвөөс мөнгө гаргасан зүйл бий юу?
-Тийм зүйл байхгүй. Төсвөөс материалд шаардагдах бага зэргийн зардал гарсан. Цахим сүлжээнд 10-20 сая төгрөгийг төсвөөс гаргаж сүлд мод хийлгэсэн гэх мэдээлэл нь ташаа.
-Э.Болормаа: Сүлд мод бүтээхэд гарсан тодорхой хэмжээний зардлыг шийдвэрлэсэн ч олон нийтийн шүүмжлэлээс үүдэн гүйцэтгэсэн хүмүүс мөнгөө буцаахаар болсон-
Харин эл асуудалд тус аймгийн Засаг дарга Э.Болормаа "Сүүлийн хэдэн өдрүүдэд сошиал медиагаар манай сүлд модны талаар ташаа байдлаар ойлгогдох мэдээлэл түгжээ.
Аймгийн төв талбайд зассан гацуур модыг манай аймгийн эмэгтэйчүүд санаачлан, хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт сайн дурын үндсэн дээр засаж чимэглэсэн. Холоос харахад өвлийн гацуур мод юм шиг боловч яг ойртоод харвал хүүхдүүдийн гараараа хийсэн чимэглэлүүд сэтгэл дулаацуулмаар. Миний хувьд энэнээс илүү баярын уур амьсгал төрүүлэх мод байхгүй.
Амьдарч буй орон нутагтаа анхаарал хандуулж, оролцоогоо бодит болгох санаачилга гаргаж оролцсон хүн бүрд талархаж байгаагийн сацуу бахархаж байна.
Байгаль дэлхийдээ ээлтэй, дэлхийн чиг хандлагад нийцсэн хог хаягдал дахин ашиглаж, гарын доорх материалаар аймгийн төвийн 2 сургууль, 11 цэцэрлэгийн хүүхэд багачуудын урласан бүтээлээр чимэглэсэн гацуур модыг талбайд засах зөвшөөрөл өгч дэмжин ажиллалаа.
Мөн төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан нүсэр чимэглэлтэй, үнэтэй модыг төсвийн мөнгөөр засах нь зохимжгүй гэж үзсэн.
Гэтэл мод засаж дуусаагүй байхад өөнтөглөж буруу ойлголт төрүүлэх мэдээллийг олон нийтэд түгээж, гацуур мод зассан хүүхдүүд, ээжүүдийн хөдөлмөрийг харлуулж буйд харамсаж байна. Гэхдээ энэ модыг засахад ажлын хөлс, материалын зардлуудад тодорхой хэмжээний зардал гарсныг шийдвэрлэсэн ч олон нийтийн шүүмжлэлээс үүдэн гүйцэтгэсэн хүмүүс мөнгөө буцаахаар болсон.
Манай аймгийн хүүхэд багачуудын сэтгэл шингэсэн энэхүү модыг бүтээсэнд Засаг даргын хувьд үнэхээр их бахархаж байгаа. Энэхүү сүлд модыг бүтээхэд гар бие оролцсон бүх хүүхэд багачууд болон гэр бүлийнхэнд нь БАЯРЛАЛАА" гэлээ.
Ховд аймгийн төв талбайд зассан сүлд мод, чимэглэлийн одоогийн зургийг та бүхэнд хүргэе.

https://ubn.mn/p/35945
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ