Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Б.Амгалан: Иргэдийн ЭМД-д хамрагдалтыг олон нийтийн ажлаар шийдмээр байна


Монгол Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэгийг өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс насны ангиллаар явуулж эхлээд буй. Энэ ажлын явц Архангайд ямар байгаа талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн эрхлэгч, дурангийн эмч Б.Амгалантай ярилцлаа.
- Аймагт эрт илрүүлэг, үзлэгийн ажил хэр эрчимтэй явж байгаа вэ?
-Улс орон даяар эрт илрүүлэг үзлэг эхэлчихсэн явж байгаа. 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд 18-аас дээш насны 1450 хүн хамрагдсан. Үүнээс 18-30 насныхан 50 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 18-30 насны 709, 31-ээс дээш насны 750 орчим хүн үзлэгт хамрагдсан байна.
Ер нь 18-30 насны хүмүүсийн эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт их байхаас 709 хүн л орсон байгаа юм. Энэ насныхан ЭМД-д хамрагдаагүйгээс болж үзлэгтээ хамрагдаж чадахгүй байна. 31-ээс дээш насныхны хувьд ид хөдөлмөрийн нас учраас ЭМД-ын шимтгэлээ төлөөгүй гэх шалтгаан бага байгаа.
ЭМД-ыг үзлэгт хамрагдах хүмүүс 2019, 2020, 2021, 2022 гэсэн 4 жилийг дараалж төлсөн байх ёстой юм. Үүнтэй холбоотойгоор үзлэг хамрагдалт тааруу байна.
-ЭМД-ыг төлүүлэх тал дээр ямар нэг гарц гаргалгааны талаар шийдвэрлэх түвшинд яригдсан болов уу?
-Саяхан нийгмийн бодлогын хэлтсийн цахим хурлаар энэ эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой асуудлууд яригдсан. Бид нар тухай үед нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээс 18-30 насны иргэдийн ЭМД-ыг төлүүлэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ гэж асуусан. Мэргэжилтэн болохоор сумдын Засаг дарга нар руу дээрх насны хүмүүсийн ЭМД-ыг төлүүлэх тал дээр арга хэмжээ авч ажиллахыг албан тоотоор явуулсан л гэж хэлсэн. Гэтэл энэ насныхан чинь ихэнх нь ажилгүй хүмүүс байгаа.
Эмч бидний бодлоор үнэхээр энэ ажилгүй байгаа, ЭМД-аа төлж чадахгүй байгаа энэ хүмүүсийг нийтийг хамарсан ажилд түлхүү хамруулж, ЭМД-д хамрагдалтыг сайжруулаасай гэсэн хүсэлт байна. Үнэхээр өөрөө мөнгөө төлөөд даатгалд хамрагдаж чадахгүй бол ялангуяа залуучуудыг сум, орон нутаг нь даатгал, халамжийн хүмүүстэйгээ хамтраад зохион байгуулбал, болохгүй зүйлгүй шүү дээ. Бид ийм л санал хүргүүлсэн. "Элэгний эмгэггүй Архангай" төслийг хэрэгжүүлэхдээ 18-39 насны хүмүүсийг яг ийм олон нийтийн ажил хийлгэж, ЭМД-д хамруулж байсан. Ийм туршлага байгаа учраас бид дээрх саналыг хүргүүлсэн. Иргэд маань ч гэсэн өөрсдөө даатгалаа төлөөд эрт илрүүлэг үзлэгтээ хамрагдах талаар анхаарч, идэвх санаачилга гаргах ёстой.
-Өдөрт хэдэн хүнд үзлэг хийж байна?
-35-аас дээш насны багцад тодорхой тоо зааж байгаа. Ер нь бол эмнэлгийн үндсэн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуул гэсэн. Тийм учраас эрт илрүүлгийн дуранг амбулаторийн дурантай давхар хийж байгаа. 35-аас дээш насныхныг өдөрт тоо зааж, тогтоож өгсөн. Өдөрт эрт илрүүлгийн 10-12 хүн л авч байна. Дээрээс нь яаралтай, амбулатори, тасгаас дурандуулах хүмүүс авдаг болохоор ингэж тоо зааж байна.
18-30 насны багцад дурангийн оношилгоо заагаагүй, харьцангуй ачаалал багатай өдөрт 25-30 хүн хүлээж авахаар төлөвлөсөн. Гэтэл даатгалын асуудлаас болоод энэ тоогоор ирж чадахгүй л байна. Ийм болохоор эрт илрүүлэг үзлэгийн хувь хэмжээ манай аймагт нэлээд доогуур дүн мэдээтэй байгаа. 31-35 насныхныг өдөрт 10 хүн авахаар байгаа ч бас л гүйцэж ирэхгүй байгаа.
-Эрт илрүүлгээр эрсдэлтэй хүмүүс гарсан уу?
-Үзлэгт хамрагдсан нийт 1450 хүнээс эрсдэлийн асуумж авсан. Энэ эрсдэлийн асуумжаар 112 хүн ямар нэг өвчлөлд өртөх эрсдэлтэй байна гээд зөвлөгөө өгсөн. Ямар нэг өвчтэй гэж гарсан нь 810 хүн байна.
-Өвчтэй гарсан болон эрсдэлтэй гарсан хүмүүсийн өвчлөлийн шалтгаант нөхцөлүүд нь юу байна вэ?
-Эрсдэлтэй илэрсэн хүмүүст хамгийн их нь жингийн илүүдэл байгаа. Таргалалт нь цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчний эрсдэл үүсгэнэ. Тэгэхээр эрүүл байхын үндсэн 3 зүйл нь зөв хооллолт, хөдөлгөөн, амьдралын зөв дадал зуршил шүү дээ. Ялангуяа манай 18-30 насны залуучууд дотор эрсдэлтэй бүлэг байгаад байна. Үүнийг дагаад артерийн даралт ихсэх, чихрийн шижин өвчний эрсдэлүүд гарч байна.
Харин 18-30 насныхны өвчлөл дотор бөөр, шээсний замын өвчлөл давамгайлж байна. 31-45 хүртэл насныханд хоол боловсруулах эрхтний, 45-аас дээш насныханд зүрх судасны өвчлөл зонхилж байна.
Ер нь бүх насныханд учирч буй эрсдэл бол хөдөлгөөний дутагдал, таргалалт байна. Бид тэдгээр хүмүүст зөвлөгөө өгч ажиллаж байна.
-Хавдрын тохиолдол үзлэгээр илэрсэн байсан?
-Тийм ээ. Эрт илрүүлгээр 9 хавдрыг илрүүлсэн. Улаан хоолой, ходоодны 3 тохиолдлыг онош тодруулахаар явуулахад батлагдаж ирсэн. Хожуу шатандаа илэрсэн учраас хөнгөвчлөх эмчилгээнд орсон. Бас хагалгааны шатанд оношлогдож ирсэн хүмүүс ч бий. Зарим нь сэжигтэй буюу онош баталгаажуулах шатандаа явж байна.
Мөн эрт илрүүлгээр 5 хүн С вирустэй гарч, вирусний эмчилгээнд орж байгаа. Энэ нь элэгний хавдар, элэгний хатуурал болохоос нь өмнө эрт илрүүлж, эмчилж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ үйл явцыг л иргэд сайн ойлгох хэрэгтэй байгаа юм.
Зарим хүмүүс ходоодны дурангаас татгалзаж байна. Ямар ч зовуурьгүй явж байгаад л ходоодны шарх, эрт үеийн хавдар оношлогдож байна. Тэгэхээр эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж байгаа иргэд заавал багцын дагуу л бүтэн шинжилгээ, оношилгоондоо ормоор байна. Өөртөө зориулаад цаг гаргах нь тун чухал. "Би ажилтай, эргэж ирж чадахгүй" гэсэн тайлбаруудыг тавьж байна. Эргэж ирэх хүмүүс бол дахин заавал үзэх эрсдэлтэй хүмүүс шүү дээ.
Ходоодны асуудалтай хүмүүст би өөрөө зөвлөгөөгөө өгөөд явж байгаа. Харин дараагийн шатлал руу явж, онош тодруулах шинжилгээ өгөх хүмүүсийн ар гэрийнхэнтэй нь уулзаж зөвлөж байна. Очиж үзүүлчихээд буцаад эмчдээ эргэж ирж хэлээд, хяналтад яаж явахаар байна, тэрийгээ тодруулаарай гээд явуулж байна. В, С вирусний хяналтууд тасралтгүй явж байгаа.
-Өнөөдрийг хүртэл үзүүлсэн хүмүүс дунд эрүүл хэдэн хүн байна вэ?
-Мэдээж байлгүй яахав. Би нас насаар нь хэлж өгье. 18-30 насны 709 хүнээс 414 нь буюу 60 хувь нь эрүүл байна. 31-45 насны 454 хүн үзлэгт хамрагдсанаас эрүүл оношлогдсон нь 94 буюу 20 хувь нь байна. 46-60 насныхны эрт илрүүлэгт 247 хүн хамрагдсанаас 17 нь эрүүл байгаа юм. 60-аас дээш насныхны дунд эрүүл гарсан хүн байхгүй. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр хүн наслах тусмаа ямар нэг өвчлөлд өртөж байна. Эрт үеийн илрүүлэг үзлэгт хамрагдаж, биеэ эрүүлжүүлэх нь иргэн хүний үүрэг болоод байна. Хүн болгон өөртөө санаа тавиад ирвэл иргэдийн өвчлөл аяндаа багасаад ирнэ. Тийм ч учраас бид залуучууд болох 18-30 насны хүмүүст илүү ач холбогдол өгч, даатгалд хамрагдалтыг сайжуулаасай гэж хүсээд байгаа юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ