Ийм нэртэй сайхан дууг мөн чиг олон хүн мэднэ дээ. Монголын минь уудам хээр талын унаган цээл энэ аялгуу эс эдэд минь гүнээ шингэжээ. “Хүрэн толгойн сүүдэр нь-ээ” гээд л эхлэхээр хоолой зангираад зэрэглээнд өндөлзөн цогих нутгийн номхон бор толгод чухам л сүүдэр хүүшлүүлэнхэн тодроод ирнэ шүү дээ.
Ингээд ярихлаар өдгөө цагийн ганц нэг багачууд төдийлөн тоохгүй, энэ өвгөн баахан халамцуудаа л ийм үг хэлж байна гэж ч магадгүй. Магадгүй ч гэж дээ, ойрмогхон нэг айлын найран дээр би үүнийг биеэрээ үзсэн хүн юмаа. Найр ид жигдрээд уртын дуу голдуухан уянгалаад эхэлдэг юм байна.
Нутгийн буурай Лувсангончиг гуайн наян тавны найр болж байлаа. Хэн хүнгүй Лууяа өвөө гэлцэх. Надаас хориод насны ах, цал буурал сахалтай тос даасан өвгөний тэр найранд би нэлээн дээгүүр суудалд залрав аа. Ахмадууд ая дуу бариад үсчиж шуугисан, арааны шүлс асгам айраг үндсэн хул дүүрэн бидэртээд л, найр ид дундаа орж байлаа.
Миний дуулна ч гэж гавихгүй ээ, гэхдээ “Хүрэн толгой” –г дуулаатахлаар сормуус чийгтээд солгой хоолойгоор муухан дагана л даа. Хэн нь ч билээ, “ Хүрэн толгойн сүүдрийг” хадааж өглөө шүү. Тавь эргэм насны тэр эрийн дуулах нь гойд байлаа. Дуу дуусаж дугараа ч тойрлоо. Сэтгэл хөдлөөд би хэлэв ээ: “ Ээ дээ хөөрхий гэж, тал нутгийнхаа энэ дууг сонсохлоор би гэдэг хүний сэтгэл гэгэлзээд нулимс алдуурна шүү дээ, сайхан дууг тун ч сайхан дууллаа” гэв. Гэтэл баруун жигүүрт суусан өнжмөл дэлтэй үрээ шиг урт халимагтай нэг дэрчгэр шар залуу: “Ямар хачин юм яринав та. Нэг тийм унжралдсан , мөддөө төгсдөггүй дуу сонсоод уйлж байдаг ч ёстой нөгөө нулимсны гарз биз дээ” гэдэг юм байна.
Хөгшин залуу олон хүн гэр дүүрэн байлаа. Цөм чимээгүй болоотхов. Миний зэвүү хүрч байна аа. “ Хүүхээ чи хаанахын хэн болоод ийм задарсан үг хэлнэ вэ? Эмээ өвөө чинь, ээж аав чинь чиний энэ үгийг сонсвол юу бодохсон билээ. Хэдэн зууныг дамжсан ийм сайхан дуугаар чинь л найраа хөгжөөж, амьдралынхаа баяр гунигийг дэнсэлж явсан ард түмэн шүү, бид чинь. Цаг цагаараа гэх боловч уртын дуугаа ад үзэж болохгүй ээ, хө. Саяын энэ дуу чинь түм буман хүний сэтгэлд хадаастай, бас хамт явсаар ирсэн юм шүү. Ахас дээдсийнхээ дэргэд ингэж дураараа битгий бурж бай, наад их үстэй толгой чинь хоосон бололтой. Яасан том үгтэй хүү вэ чи!” гээд хэлээд тавьчихлаа. Сайхь залуугийн нүүр чухам л нөгөө “ лоозонгийн даавуу шиг улайснаа” босоод ирэв. Дамшиг чинь ихээ халамцсан бололтой. Ширээн дээрээс аягатай архи авч дуустал хөнтрөөд ханцуйгаа шамлаад алхтал хэдэн хүн барьж аваад давилуун золигийг чирээд гарав. За энэ явдал ч яахав, ингээд дууссан юм даг. Би яахлаараа “ Хүрэн толгойг” өмөөрч тийнхүү халамцуу хүүд том сургамж айлдан, “тавьтар алдав аа” гэхлээр ийм учиртай юм аа. Энэ бяцхан түүх он цагийн мананд бүдгэрвэл бүдгэрэхээр нэлээд хугацаа улирсан боловч сэтгэлийн минь хойморт харин ч улам тодроод байдаг нь учиртай. Тэр тухай өгүүлсү.
Би дээд сургуулийн гурав дугаар анги төгсөөд зуныхаа амралтаар гэртээ ирлээ. Мянга ясөн зуун далаад оны үесэн. Манайх Хүрэн цавын нууранд байлаа. Тэр зуны өнтэйг яана. Хаяагий нь шуусан гэрийн ханын нүдээр агь таана нэвт ханхлаад л, нутгийн толгод хяр ногоорон бөмбийгөөд л , усан зэрэглээ хадаг мяндас лугаа адил намилзан татаад л... Тэр дэлгэр сайхан зун Сүнжидмаагийн манай хоёр айл зуслаа. Сүнжидмаа гэмээ нь хориод насны хөөрхөн бор охин. Сампил гуайн дунд охин. Би түүнээс нэг ах. Долдугаар ангиас нөгөө их сүр дуулиантай илгээлт гэгчийг өвөртлөөд малчин болсон хүн. Тэдний манайх арван хэдэн унага зэллэчихсэн чухам л айраг найраар бялхаж байлаа. Хуруу, дэмбээ хоёр манайханд бараг тасрахгүй. Нутгийн залуу хөгшидгүй үдэш болохоор айрганд умбана шүү дээ.
Намрын сар дуусах дөхөж, миний сургуульд явах ойртож байв. Энэ хэдэн сард Сүнжидмаа бид хоёр тун ч дотносов. Голдуухан би унага татаж, Сүнжидмаа гүү саах.” Хөөе Баяраа гуай саамын цаг боллоо” гээд л Сүнжээ дуудна. Тийн хоёул хувин саваа аваад зэлрүү алхана. Заримдаа тэрээр надаас түрүүлээд алхчихна. Сургуульд байхдаа зэгзийсэн горзгор охин чинь одоо бол оноо сууж байгаа хязаалан байдас шиг хондлой ташаа нь тэгшрээд, араас нь хараад баймаар сайхан амьтан болжээ. Гүү саах далимаар хоёул юу эсийг ярихав. “ Чи яахлаараа намайг Баяраа гуай гэж дуудаад байдаг хүн бэ. Би тийм хөгшин харагдаад байна уу?” гэхлээр “ Чи чинь миний дэргэд хот газрын том эрдэмтэн шүү” гээд тэгшхэн цагаан шүдээ ярсхийлгэн, нөгөө хөөрхөн хар нүдээрээ аальгүйтэн инээнэ. Дэндүү жаргалтай, хөгжилтэй хэдэн сар даан ч хурдан өнгөрлөө. Заримдаа түүнийг адуу таширлуулж байгаад саамаа юүлсний нь дараа тэврээд авах. “Хүүе Баяраа хүн харчихна” гэж сандрах дүр эсгэвч биеэрээ налсхийгээд нэг их гоё хөхрөх. “Хм Золиг, танай муу зээрд азарга л харж байх шив. Ухаандаа чамайг “өмөөрч” байгаа нь тэр” гэвэл “ Намайг өөр өмөөрөх амьтан байхгүй л дээ” гээд санаа алдана.
Нэг өдөр би Сүнжидмаа руу шууд “довтоллоо”. “ Сүнжээ, би хоёрхон жилийн дараа төгсөөд ирнэ. Хоёул сууя. Аав ээж чинь надад их сайн шүү дээ. Чи намайг хүлээж чадах уу? Би барилгын инженер болох хүн. Аймагтаа сууна. Чамайг татаж авна. Мал уу, мал яах вэ. Нэгдлийн даргатай яриад, аймгаас мундагдуулаад аргалчихна аа. Илгээлтийн эзэн гэдэг чинь насаараа мал дагах албатай хүн биш биз дээ. Миний найз одоо хоёр жил сайн ажиллаатах. Танайх чинь сумын аварга төлчин болсон гэл үү. Хороо дүүрэн хурга бужигнуулаад л сайхан биз дээ. Нормоо шилжүүлчихээд л сургуульд явчихаж болно. За би том албаны хүн болох юм чинь чамайг татаад авчихна, сургууль соёлд ч явуулчихна”. Ийнхүү би тэр үдэш нэг мундаг томорч билээ. Сүнжээ: “Мэдэхгүй юм даа Баяраа. Би чамд бас их дасчээ. Сайхан л юм. Чи ч лут ухуулагч юм аа. Харж л байя. Хүлээвэл ч би хүлээж чадна аа” гэж билээ. Түүний зөөлөн бор хацар , шанхных нь үнэр ямар сайхан байв аа.
Түүнээс хэд хоногийн дараа тэднийд найрлаж байтал үдшийн бор бүрийгээр хоёр сайхан хул морьтой тэвхийсэн бор залуу дөрөө ханхийлгэж буув. Зэргэлдээ сумынх аж. Эрлээр яваад буцаж яваа гэнэ. Хэдэн адуугаа Хүрэн толгойн энгэрт орхичихоод иржээ. Сайхь залуу найранд суулаа. Хуруунд ч шаггүй эр бололтой. Баахан хуруу дэмбээ болж байснаа ая дуу болоод явчихав. Сампил гуай нүдээрээ дохив бололтой, хөгшин нь Хандмаа тавын бидонтой нэрмэл гаргаад ирж харагдав. Найр жигдрээд явчихлаа. Эрлийн залууд аяны дугараа очлоо. Хөдөөнийхөнд илүү дутуу маяг заяг байх биш. Сайхь эр “Хүрэн толгойн сүүдрийг” авч өглөө. Сүрхий дуучин ажээ. Гэр дүүрэн хүмүүс ч амьсгаа даран чагнана.
“Алаг толгойн сүүдэр нь
Араа дагаад хүүшилнэ дээ хө
Амраг жаахан хүүгийнхээ
Аашинд нь болоод даслаа даа...”
Ай юутай сайхан аялгуу вэ! Үнэхээр л хүрэн толгойн сүүдрийг хүүшилтэл дуулав. Миний сэтгэлд дууны яруухан эгшиг болор тунгалаг рашаан мэтү сэрүү татан цутгаж байлаа. Миний дэргэд суусан Сүнжидмаа дуу дуулаад дуусмагц нэг их гүнзгий санаа алдах нь мэдэгдэв. Ер тэрхэн агшинд хичнээн ч хүн баясан догдолж, санаа алдсаныг бүү мэд ээ. Гэрийн эзэн Сампил гуай нүд дүүрэн нулимстай босож ирээд мөнөөх залуугаас аяны дугарааг хоёр гардан аваад: “ За миний хүү чи ямар сайхан дуулдаг хүүхэд вэ. Гэрийн жавар үргээж, эрийн хийморь сэргэтэл дууллаа байна. Бидний дотор ийм дуучин ний нуугүй хэлэхэд алга. Манай хоёр хот чинь өнөөдөр их азтай байнаа. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэж ярьдаг даа. Хүү минь нэр алдраа хэл, харваас барилддаг бололтой” гээд дугарааг мэлтэлзтэл дүүргээд буцааж барив. Биерхүү бор залуу нэг их сайхан инээснээ “ Намайг Сайнхүү гэдэг ээ. Цэргийн начин цолтой” гэв. Сайнхүү дугараанаас зугуухан ганц шимснээ дахиад хоёр дуу дуулав. Яагаад ч юм түүний харц Сүнжидмаа бид хоёр руу чиглээд байх шиг, ер нь Сүнжидмаа руу л илүүтэй тусаад байх шиг санагдаж билээ. Сүнжидмаа ч түүн рүү нүд цавчилгүй ширтэж суух шиг бодогдохуй миний толгойд нэг юм зурс зурс орж ирээд байх шиг болов. Хожмоо санахнаа би зөв л бодсон байдаг юм. Тэр сайхан “ Хүрэн толгойн сүүдэр” зэргэлдээ нутгийн тэр сайхан залуу Сүнжидмаагийн минь зүрх сэтгэлийг холбилзуулан татсан юм даа. Намайг хотод нэг жил, гадаадад нэг жил суугаад ирэхэд нутгийн жаахан Сүнжидмаа минь намрын шөнийн дүүрэн цагаан сарын мэлмэртэл, гэр дэх хүмүүсийг уяртал дуулж асан цэргийн начны гэргий болоод явчихсан байж билээ. Тэр цагт хэрвээ би “Хүрэн толгойн сүүдрийг” Сайнхүүгээс илүү дуулдагсан бол.. гэж нэг бодож билээ. Яльгүй атаархал, харамсал минь миний цээжинд нэг ч их удаагүй алга болсон юм даг. Харин ч миний хайрлаж явсан Сүнжидмаа минь эршүүд цээлхэн хоолойтой эр нөхрийнхөө “ Хүрэн толгойн сүүдрийг” сонсонхон уярч жаргаж яваа даа гэж бодохлоор цээж зүрх баяраар бялхаж явдаг болсон юмаа.
Аяа ардын минь сайхан дуу чи түм буман хүний зүрх сэтгэлийг ундааланхан тэтгэж, уярууланхан жаргааж байнам даа. Тэр жилийн найран дээр Сайнхүү маань “ Сүнжидмааг” бас дуулсан санагдана. Хэзээ хойно сонсвол Сайнхүү Сампил гуайнд хэд хэдэн удаа иржээ. Чухам л “Сүнжидмаа” дуунд гардаг шиг айл гэрий нь бараадаж тойрсоор “Арван хэд хоносон ч” байж мэдэх юм. Тэгээд л санасандаа хүрсэн хэрэг бизээ. “Хүрэн толгойн сүүдрийг сонсох бүр орь залуугийн богинохон түүх сэтгэлд минь он жилийн манан дундаас дурайтал тодроод ирдэг юм. Амьдрал аа гэж, нэгэн бодоход сайхан ч юм шиг, нэхэн санахад гунигтай ч юм шиг, хэн үүнийг мэднэ, хэн ч бас үл мэднэ. Гагцхүү сэтгэл мэднэм зэ. Одоо ч гэсэн хүний бага чамдаа сэтгэл юундаа даслаа даа гэсэн цэнхэр торгон аялгуу тоост шаргал говийн минь намхан бөгөөд номхон хүрэн толгодыг минь өндөлзүүлэнхэн тооройт хонгор говийг минь мэгшүүлэнхэн уянгалсаар авай. Лувсангончиг гуайн найран дээр “Хүрэн толгойн сүүдрийг” өмөөрч, урт халимагтай дэрчгэр шард миний том үг хэлж, “агсан тавьсан” минь зөв л байсан шүү хэмээн жаран насны хяр дээрээс бодмоглонхон суунам даа.
2016 он Улаанбаатар Э.Хархүү