Нөмрөг сумын Эрүүл мэндийн төв стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо. НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж байгаа "Ус хангамж ариун цэвэр, эрүүл ахуй" төсөлд санал тавьснаар гаднаа нүхэн жорлонтой байсан сумын Эрүүл мэндийн төвийг стандарт хангасан байгууламжтай болгох ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлжээ. Нийт 170 сая төгрөгийн өртөгтэй тус байгууламжийн ажлыг бүрэн хийж, стандарт хангасан ариун цэврийн байгууламжийг эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ. Харин сумынхаа орон нутгийн хөгжлийн сангаас тус байгууламжийг барих зардалд 10 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна.
Нөмрөг сум аймгийн төвөөс 152 км-ийн зайд оршдог. Нийт 3277 км² талбайг эзлэн орших тус сум 2000 гаруй хүн амтай.Сумын Эрүүл мэндийн төв нь жилдээ давхардсан тоогоор 3600 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Эрүүл мэнд төв стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болсноор иргэд ямар ч улиралд халуун, хүйтэн ус бүхий стандарт хангасан цогц ариун цэврийн байгууламж бүхий газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай авах боломж бүрдээд буй юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжрахаас гадна эмчилгээ, халдвар хамгааллын хувьд ч нэг шат ахилаа гэж Нөмрөг сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Сумдад цэвэрлэх байгууламж барина
Завхан аймагт сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хоёр суманд шинээр 50 м.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг хийж буй.
Энэ онд үргэлжлүүлэн бусад суманд үе шаттайгаар цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг эхлүүлж, зураг төслийн ажлууд хийж байна. Тиймээс сумдын бохир усны хоногийн хэрэглээ, ариутгах татуургын ашиглалтын байдлыг харгалзан үзэж эрэмбэлж цэвэрлэх байгууламж нэн түрүүнд шаардлагатай сумдын нэрсийг Барилга хот, байгуулалтын яаманд хүргүүлээд байгаа. Түүнчлэн сумдын сургууль цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг бага оврын ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлсэн. Тэс, Баянтэс, Асгат сумын бага оврын цэвэрлэх байгууламжийн ажлыг “Жавхланттур” ХХК, Отгон, Яруу, Ургамал, Баянхайрхан сумын ажлыг “Сити медиа” ХХК. Сантмаргаз, Нөмрөг, Сонгино сумын ажлыг “Сантех-Увс” ХХК, Цагаанхайрхан, Дөрвөлжин Түдэвтэй сумын ажлыг “Алтан түнгэл” ХХК-ууд тус тус тендерт шалгаран зураг төслийн ажил хийж байна гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.