Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Хурд" хамтлаг гуравдугаар сарын 8-ны өдөр онлайнаар тоглолт хийнэ


Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж буй энэ үед урлаг, спортынхон халуун сэтгэлийн хандив өргөсөөр байгаа билээ. Өнөөдөр "Хурд" хамтлагийнхан Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, хандив өргөлөө.  Энэхүү үйл явдалд "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, Д.Отгонбаяр тэргүүтэй оролцлоо.
Үйл ажиллагааны эхэнд "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр "Энэ их хүнд цаг үед урлагийн бид тайвшрал тайтгарлыг өгдөг. Тиймээс ард олон, монголчуудынхаа сэтгэлийг тайвшруулах үүднээс "Хурд" хамтлаг, HD Монгол телевизтэй хамтраад, гуравдугаар сарын 8-ы өдөр "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтыг анх удаа онлайнаар, телевизээр тоглох саналыг танд хүргэж байна.  Аливаа хүнд цаг үед тэргүүн эгнээнд байдаг эмнэлэг, цагдаа, онцгой байдлынхан, хилийн цэрэг, хяналтын байгууллагынхны ар талд урлагийнхан байдаг. Тиймдээ ч бид үүргээ биелүүлж, ард иргэддээ, бүхий л чиглэлээр ажиллаж байгаа ажилтан, албан хаагчиддаа зориулж тоглолт хийх гэсэн юм" хэмээн хэлж, хүсэлтээ албан ёсоор Шадар сайдад гардууллаа.  
Тэгвэл "Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр "Сая сар шинээр онлайн золголт гэж хийлээ.  Бид ч гэсэн хамтлагаараа онлайн хэлбэрээр тоглолт хийх гэсэн юм. Гуравдугаар сарын 8-ны өдөр бүх ээжүүд, монголчууддаа зориулж, уриалга болгож тоглолт хийх гэж байна" хэмээлээ. 
Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин "Онлайн хэлбэрээр тоглолт хийнэ гэдэг их сонирхолтой санаачилга байна.  Бид үнэхээр хүнд цаг үед тулж ирлээ. Би өглөө босоод л Хятадад, Солонгост өвчилсөн хүний тоо хэдээр нэмэгдэж вэ гэж хардаг.  Өвчлөл буурахгүй байна. Өчигдөр Солонгост 2500 хүн өвчилсөн байсан бол өнөөдөр 4200 гараад явчихлаа. Тэнд манай улсын 48 мянган хүн байна. Хөдөлгөөн ихтэй, байнга наашаа явж байгаа.  Иран гэхэд л үнэхээр хүнд байдалтай байна. 
Тийм учраас тайвшрах ямар ч боломжгүй. Улсын онцгой комисс ойр ойрхон хуралдаж, шийдвэр гаргаж байна. Өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, Мартын 8, цэргийн баяр, Наурызын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. БНСУ, Япон, Иран, Италиас ирж байгаа хүмүүсийг Замын-Үүд, Буянт-Ухаа, Алтанбулагийн боомтоор л хүлээж авахаар болж байна. Бид энэ өвчнийг оруулж ирэхгүй л байх хэрэгтэй. Ороод ирвэл манайх үнэхээр хүндрэлтэй, хэцүү шүү дээ. 
Та бүхнийг эх орноо хайрласан, бахархсан үзлээр ард түмнийг хүмүүжүүлэх чиглэлээр олон жил ажиллаж байгааг мэднэ. Та бүхний өгч байгаа сайхан сэтгэлийн хандивын төгрөг тутам сайн сайхан бүхний булаг болж ундрах болтугай" хэмээлээ. 
"Хурд" хамтлаг тоглолтынхоо явцад данс нээж, сэтгэлийн хандив авах аж.  Мөн ЭМЯ-аас гаргаж байгаа сэрэмжлүүлгүүдийг хүргэж, ард түмнээ уриалах юм байна.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ