Энэ онд Баянхонгор аймгийн хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 7 хөтөлбөр хэрэгжүүлж, 1000 гаруй ажлын байрыг бий болгоно.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл хуралдаж, энэ онд 1000 гаруй ажлын байр бий болгох төлөвлөгөөг баталлаа. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн дарга буюу аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан уг хөтөлбөрүүдтэй уялдуулан нийтийг хамарсан болон мод тариалах ажлыг эрчимтэй хэрэгжүүлэхийг үүрэгдэв.
2022 онд Баянхонгор аймагт “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”, “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, "Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон ажлын байр хөтөлбөр”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” гэсэн долоон хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд өмнөх жилийн санхүүжилтээс төсвийг даруй гурван хувиар нэмэгдүүлэн олгохоор болсон байна.
Хөдөлмөр эрхлэх, орон нутгийнхаа үзэмжтэй, цэвэр тохитой байдалд гар бие оролцон ажиллах хүсэлтэй иргэд дээрх хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон өөрийн багийн халамжийн мэргэжилтэнд хандаж, 7044-2925 дугаарын утсаар лавлах боломжтой аж.