Өнгөрсөн нэгдүгээр сард Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын эхний 129 км төмөр замд аж ахуйн галт тэрэг явуулан, техникийн комисс ажиллаж, тодорхой ажлууд дээр үүрэг даалгавар өгсөн байдаг.
Тэдгээр ажлыг хийж гүйцэтгэсний дараа Улсын комисс ажиллуулахыг тухайн комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн гэж “МТЗ” ТӨХК-ийн албан ёсны сайтаар мэдээлсэн. Тэгвэл үүнээс хойш техникийн комиссоос өгсөн албан даалгаврыг биелүүлсэн эсэх нь ч тодорхойгүй, Улсын комисс хүлээж аваагүй байхад хууль зөрчиж, төмөр замын тээвэрлэлтийг эхлүүллээ гэдэг худал шоуг цахим орчинд түгээж эхэллээ. Энэ бол яах аргагүй салбарын сайдын сэнтийгээ хадгалж үлдэхийн тулд зохиосон худал мэдээлэл гэдэг нь хэнд ч тодорхой байна.
Учир нь Л.Халтар сайд гуравдугаар сарын 15 гэхэд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлэхгүй бол ажлаа өгнө гэдэг мэдэгдлийг хийсэн. Тэгвэл тус төмөр зам дээр Улсын комисс ажиллаагүй байхад зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлсэн юм байх. Олон жилийн түүхтэй орчин цагийн зам тээврийн салбар ийнхүү Л.Халтар сайдын үед л түүхээс бас зарчмаас ухарч үзлээ. Улсын комисс хүлээж аваагүй, дохиолол холбоогүй төмөр зам дээр зэсийн баяжмал зөөж ард иргэдийг хуурч төөрөгдүүлсэн нь төрийн өмч хөрөнгөд төдийгүй олон мянган төмөр замчдын амь насанд заналхийлсэн үйлдэл юм.
Зэсийн баяжмалыг Оюу толгойгоос 460 км авто машинаар тээвэрлэж, 416 км үргэлжлэх төмөр замын 129 километрт нь 40 км цагийн хурдтай тээвэр хийчихээд бүтээн байгуулалтын ажил дуусаж, тээвэр эхэллээ гэж ард иргэдийг хуурсаар байх уу. Тиймээс сайдын зөөлөн сэнтийд шунаж суухын оронд энэ төмөр замыг таны хэлсэн хугацаанд ашиглалтад оруулах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, ажлаа өгнө үү Л.Халтар сайд аа.