Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэдийн мөнгийг өсгөдөг "Бэлтэс мөрөн"-гийн захирал хуурамч бичиг баримт үйлдэж, ашигладаг байжээ



Өнгөрсөн нэгдүгээр сард бид Хөвсгөл аймгийн Мөрөн суманд учир битүүлэг аргаар иргэдийн мөнгийг өсгөж өгдөг гэх "Бэлтэс мөрөн" компанийн талаар мэдээлэл бэлтгэж байв.
Тус компанийн гадна иргэд хонон өнжин дугаарлаж, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь дарааллаа булаацалдан эмх замбараагүй байдал хүртэл үүсгэж, тэтгэврийн, группын мөнгөө тус компанид даатгаж эхэлсэн байдаг.
Тухайн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цагдаагийн байгууллага "Бэлтэс Мөрөн” гэх компанид шалгалт хийсний дараа "Ямар нэгэн зөрчил гараагүй. Харин эл компани иргэдээс их хэмжээний мөнгийг аваад өсгөж өгдөг. Ингэхдээ тэдний мөнгийг койнд эргэлдүүлж ашиг олдог учраас иргэд эрсдэлээ тооцох хэрэгтэй” гэх мэдэгдэл гаргаж байсан юм.
Харин бидний олж сурвалжилснаар, дата санд хийсэн судалгаагаар тус компани ямар нэгэн санхүүгийн үйлчилгээ явуулдаггүй бөгөөд "Орчуулгын үйлчилгээ”, "Сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаа”, "Хүнсний ногоо, үрслэг тариалалт”, "Амьдрах ухааны сургалт”, "Блок үйлдвэрлэл”, "Санхүүгийн тайлан баланс бэлтгэн гаргах түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх” зэргийн үйл ажиллагаа явуулдаг талаараа Тагнуулын Ерөнхий Газрын дата төвлөрлийн сайтад мэдүүлсэн байсан юм.
Тус компанийн эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлийн талаарх дата мэдээллийг баримт болгон хавсаргав.
-"БЭЛТЭС МӨРӨН" ХХК-ИЙН ЗАХИРАЛ "НЭМЭХ ДААТГАЛ" НЭРТЭЙ ХУУРАМЧ БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛЖ, ИРГЭДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ-
Тэгвэл иргэдийн мөнгийг өсгөж өгдөг тус компанийн захирал Г.Нямдэлгэр гэх эмэгтэй сарын өмнө шүүхээс ял сонссон байна. Тодруулах юм бол иргэдийн мөнгийг өсгөж өгдөг дээрх үйл ажиллагаа нь хууль зөрчиж байсан нь илэрчээ.
Хэрэг явдлыг судалбал, 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн иргэн Г.Нямдэлгэр “Нэмэх даатгал” нэртэй улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хуурамч компанийн нэрээр иргэдтэй “Даатгалын гэрээ” гэх гэрээг байгуулж, хуурамч тэмдэг, хэвлэмэл маягтыг ашиглан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн хэрэгт холбогджээ. Улмаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тэрбээр иргэдээс мөнгө авч, тухайн мөнгийг хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдаж авах замаар эргэлдүүлж ашиг олоод тэр олсон ашгаасаа тодорхой хувийг иргэдэд буцаан урамшуулал хэлбэрээр олгодог ажил эрхэлж байгаад 2021 оны долдугаар сард цагдаагийн байгууллагаас шалгаад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн тул "Бэлтэс мөрөн" гэх аавынхаа байгуулж байсан компанийг өөрийн нэр дээр шилжүүлж авчээ.
-ШҮҮХЭЭС ТҮҮНД НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЯЛ ОНООГООД ОРХИЖЭЭ-
Дараа нь тэрбээр иргэдтэй даатгалын гэрээ хийгээд мөнгийг нь авах зорилгоор байгууллагын нэрээ "Нэмэх даатгал" хэмээн нэрлэсэн байна. Улмаар ямар ч улсын бүртгэлгүй, өөрөө зохиож өгсөн нэртэй компаниар үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Улмаар иргэдтэй байгуулдаг гэрээгээ интернэтэд байдаг гэрээнүүдийг харж байгаад legalinfo-оос татаж аваад өөрөө зохиож, интернэтээс тамганы дардасны зураг татаж аваад тэрийгээ фотошофоор янзалж дөрвөлжин дотор “Нэмэх ХХК” гэсэн бичиг оруулаад тэмдгийн өнгөө ногооноор хийгээд тэр дардасны зургаа гэрээн дээрээ оруулж өнгөтөөр хэвлэдэг байсан аж.
Тиймээс Г.Нямдэлгэр шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцсэн байна. Улмаар түүнийг ганцхан сая төгрөгөөр торгоод орхижээ.
-ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТТАЙ КОМПАНИ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛСААР БАЙНА-
Өөрөөр хэлбэл, ямар ч улсын бүртгэлд байхгүй хуурамч компаниар, иргэдтэй хуурамч гэрээ байгуулж мөнгийг нь авч эргэлдүүлдэг байсан уг компанийн үйл ажиллагааг зогсоогоогүй, эзнийг нь нэг сая төгрөгөөр торгоод орхижээ.
Тус компанийн албан ёсны Бэлтэс Мөрөн ХХК фэйж хуудас руу орж үзвэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа нь илхэн байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 02-нд мэдэгдэл гаргасан байх юм.
Тус мэдэгдэлд "Бэлтэс Мөрөн ХХК нь гуравдугаар сарын 3-нд ажиллахгүй. Гуравдугаар сарын 4-нд ажиллана. Нэгдүгээр сарын 29-ны буцаан олголт гуравдугаар сарын 3-нд хийгдэнэ" хэмээн бичсэн байна. Ингэхээр иргэд хуурамч гэрээнд найдаж мөнгөө итгэж өгөх, эрсдэл гарлаа гэхэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүний цаана байж болзошгүй байна.
Эх сурвалж: https://eguur.mn/302202/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ