Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ц.Дамдин-Ядам: Улсын наадмаар морь айрагдуулахад сэтгэл огшоод үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн



Увс аймгийн Тэс сумын харьяат, Аймгийн алдарт уяач Цогт-Очирын Дамдин-Ядамтай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд Увс нутгаар овоглосон чадварлаг уяач нарын нэг бөгөөд 2017 оноос хойш улс, бүсийн наадмаас олон айраг, түрүү хүртжээ.


-Таны хувьд хэдийнээс морь уяж эхэлсэн бэ?

-Би 2017 оноос хойш морь уяж байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт гэвэл 2017 оны Улсын баяр наадмаар цоохор шүдлэн маань долоогоор давхисан бол 2018 онд хязааланд айргийн гуравт, 2019 онд соёолонд айргийн тавд давхисан. Мөн тэр жилдээ Өмнөговь аймагт болсон Говь шанхын бүсийн уралдаанд түрүүлсэн. Тэрчлэн хээр морь маань 2019 онд Говь шанхын бүсийн уралдаанд түрүүлсэн бол 2021 онд Ховд аймагт болсон Баруун бүсийн даншиг наадамд айргийн тавд давхисан.

Хүүхэд байхад миний ойр дотны хүмүүс бүгд морь уядаг байсан нь надад нөлөөлсөн. Монгол Улсын тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа бид хоёр 10 жилийн нэг анги төгссөн. Энэ мэтчилэн миний ойрын хүрээлэлд морь уядаг хүмүүс олон бий.

-Анх морь айрагдуулахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Улсын баяр наадамд Увс нутгийнхаа нэрийг гаргах нь уяач хүний хувьд хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлсэн. Анх морь айрагдуулахад огшоод үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байлаа. Цаашид илүү хичээх урам зориг өгсөн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд улс, бүсийн наадмаас уясан морьд маань олон айраг, түрүү хүртэж, чамлахааргүй амжилт гаргаад байна. Цаашид олон уралдаан тэмцээн хүлээж байгаа тул морьдынхоо уяа сойлгыг тааруулаад оролцоно. Ер нь бол дараа дараагийн уралдаанд илүү их амжилт гаргахыг зорьж байна. Миний хувьд Монгол Улсын тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаярын уяан дээр морьдынхоо уяа, сойлгыг тааруулдаг.

-Увсын уяач нарын нэг онцлог чадвар байх шиг ээ?

-Увсын уяач нар морио дээдэлсэн мундаг хүмүүс байдаг. Хаа холоос Улаанбаатар хотыг зорьж очоод уралдаанд оролцоно. Өнгөрсөн жил гэхэд л Улаанбаатар хотод Улс тунхагласны 100 жилийн ойд морио уралдуулахаар уяачид очоод уралдаан болохгүй болохоор буцаад Ховд аймаг руу явж байсан тийм л зүтгэлтэй, тэвчээртэй хүмүүс. Ер нь л уяач нар маань уясан морьдынхоо төлөө цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулсан, тууштай зүтгэлтэй хүмүүс байдаг.

-Нийт уяач нартаа хандаж та юу хэлэх вэ?

-Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас хурдан морины уралдаан зохион байгуулсангүй. Уяач нар маань хүлээлттэй байна. Энэ жилийн улсын баяр наадамд Увс нутгаас олон уяач морио сойх байх. Бүгдээрээ амжилт гаргаад урамтай сайхан наадаарай гэж хэлэх байна.

-Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ