Бар жилийн босгон дээр Өмнөговь аймгаас Монгол Улсын Манлай уяач тодорлоо. Тус аймгийн Цогтцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаяр уяж хурдлуулсан хүлгүүдийнхээ гаргасан амжилтуудаар ийнхүү улсын хэмжээнд нутгийнхаа нэрийг дуурсгалаа. Тэрээр улс, бүсийн наадмуудаас 17 түрүү, айраг хүртсэн байна. 2001 онд хээр азарга нь Өмнөговь аймгийн 70 жилийн ойн баяр наадамд айрагдаж байснаас хойш, зээрд соёолон, хүрэн халзан шүдлэн, хонгор даага зэрэг хурдан хүлгүүд нь торгон жолоог өргөж байгаа юм. 2012 онд Ардын хувьсгалын 91 жилийн ойн Улсын их баяр наадамд "Богд хээр" соёолон магнайлж нутгийн зон олноо баяруулж байв.
Говь шанх, Төвийн бүс, Говийн бүс, Дүнжингарав 2014, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам зэрэг олон уралдаанд хурдан хүлэг морьд нь амжилт гаргасан юм. Мөн 2019 онд Говь Шанх-6 наадамд "Хонгор азарга" түрүүлж байлаа. Өмнөговь аймгийн уяач Хүүгийн Түмэнбаярын олон жилийн нөр их хөдөлмөр, хурдан морьдын чанар үүлдэр угсааг сайжруулах, их говийн хурдыг алдаршуулсан гавьяа зүтгэлийг нь ийнхүү үнэлжээ.