Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж “Зайсан Скуар” худалдааны төв 8 давхарт гал гарчээ. Тодруулбал, “Ти-Өү-Эм” ХХК-ийн “Териза” ресторанд гал гарсан байна. Галын дуудлага 03:53 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид тухайн рестораны задгай талбайн шал, гал тогооны өрөөний хөргүүр, цэцгийн мандлын модон шал шатаж байсныг 25 минут ажиллан унтраажээ.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 31-02 дугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол гал түймэрт 2 иргэн өртөж нас баржээ.
Нийслэлийн хэмжээнд 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ахуйн 306 гал түймэр, аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулан сануулж байна.