Монгол Улсын 21 аймаг нийслэл хоттой, 330 сумын 98 нь улсын чанартай авто зам эсвэл аймгийнхаа төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдоод байна. Түүнчлэн хилийн таван боомт нийслэл хоттой авто замаар холбогджээ.
Төв аймгийн 12 сум төв болон улсын чанартай хатуу хучилттай замтай холбогдсоноороо бусад аймгаа тэргүүлж байгаа бол 10 сум нь холбогдсон Ховд, есөн сум нь холбогдсон Сэлэнгэ аймаг удаалж байна.
Манай улс 2016-2020 онд нийт 2241.1 км хатуу хучилттай авто зам, 2727 у/м төмөр бетон гүүрийг барьж улсын ашиглалтад оруулжээ.
Энэ талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр “Энэ онд Монгол Улсын бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, дэд бүтэц сайжирснаар ард иргэд найдвартай, тав тухтай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ төвлөрсөн зах зээлийн газарт хурдан шуурхай, саадгүй хүрэх боломж нээгдэж байна. Дотоод болон гадаадын аялал жуулчлал нэмэгдэж, цаашлаад тухайн бүс орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
Сүүлийн найман жилийн хугацаанд 12 аймаг нийслэлтэй авто замаар холбогдсон. Тодруулбал,
2013 онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймаг,
2014 онд Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймаг,
2017 онд Дорнод аймаг,
2019 онд Увс аймаг,
2020 онд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг,
2021 онд Завхан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбосон нь 21 дэх аймаг болов.
Эх сурвалж:www.polit.mn