Өмнөговь аймагт ахлах ангийн хүүхдүүдийн дунд зарласан "Бүгдээрээ хуримтлуулья" эсээ бичлэгийн уралдааны дүн гарчээ. "Дэлхийн хуримтлалын өдөр 2021" аяны хүрээнд Өмнөговь аймаг дахь Монгол банкны салбар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран дээрх уралдааныг зарласан юм. Эсээ бичлэгийн уралдааныг Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Уралдаанд Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Политехник коллеж, Ханхонгор сумын сургуулийн нийт 35 сурагч оролцсон байна.
Зохион байгуулагч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж сурагчдын ирүүлсэн бүтээлээс шилдэг эсээг шалгаруулж урамшууллаа. 1-р байрт 1-р сургуулийн 12д ангийн сурагч М.Гоомарал, 2-р байрт 4-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Лхамсүрэн, 3-р байрт 1-р сургуулийн 10а ангийн сурагч Т.Өлзийсайхан нар шалгарсан байна. Хүүхдүүд хэрхэн хуримтлал үүсгэх, хуримтлалтай байхын ашиг тус зэргээр эсээ бичиж оролцсон бөгөөд нийт ирсэн материалуудыг цахим сүлжээгээр олон нийтэд хүргэжээ.