"Оготнотой булаг" төслийн спортын бүсэд орчин үеийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг ашиглалтад орууллаа.
Талбайн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатараар ахлуулсан тус холбооныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ, Эрчим хүчний яамны дэд сайд, аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн М.Баярмагнай, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нарын зэрэг аймгийн удирдлагууд, тамирчид, ард иргэд оролцов.
Мөн үеэр Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч аймгийн хөл бөмбөгийн холбоонд хувцас, хэрэгслийг гардуулж, салбар холбоог амжилттай тэргүүлж буй М.Баярмагнай болон багийн спортыг дэмжин хөгжүүлж байгаа аймгийн удирдлагуудад талархал илэрхийллээ. Мөн тус талбайгаас бүс, улс, дэлхийн аваргууд төрөн гарахыг ерөөж, тамирчдад амжилт хүсэв.
Тус талбай 70х40-ийн харьцаатай, олон улсын стандартад нийцсэн зүлэг, суурь, хаалга, хашлага хамгаалалттай бөгөөд орон нутгаас гэрэлтүүлэг, тохижилтын ажилд дэмжлэг үзүүлжээ. Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус холбооны хөгжилд зориулан 10 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна.
Сонирхуулахад, Аймгийн хэмжээнд спортын 30 шахам заал байхын зэрэгцээ баг бүрт спорт заал, "Чандмань- Баянхонгор", Онцгой байдлын газар, бүх сургууль орчин үеийн шаардлага хангасан спорт заалтай болоод байгаа нь спорт хөгжих нөхцөлийг бүрдүүлээд байна.