Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Модон бөмбөгийн 2020 оны улсын аваргууд Багануурт тодорлоо


Монгол Улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн 2020 оны тэмцээн 09 сарын 12-13 нд Багануур дүүргийн “Шувуун саарал цогцолбор”-ын дэргэдэх наадмын талбайд анх удаагаа, олон улсын түвшинд амжилттай зохион байгуулагдлаа.  
Тэмцээнд Ховд аймаг - Мон Топ баг, Залуу Од спорт клуб, Дархан-ШУТИС, ХААИС, Багануур ХК, Эрдэнэс-тавантолгой ХК, Голомт банк, Төв аймгийн Мөнгөнморьт сум дах ШШБЕГ-ын 417-р анги, Улаанбаатар хотын баг, Багануур дүүргийн “Уурхайчин”, Мон-Алтиус БТДС-Мон Топ трейд ХХК зэрэг 11 багийн нийт 84 тамирчин хоёр өдрийн туршид цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн 5 төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргасан юм. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явуулсан юм. 
 
 
Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд 166 оноогоор Багануур ХК-ийн тамирчин ОУХМ Б.Мөнхбат шалгарч алтан медаль, цом, өргөмжлөөөр шагнагдсан бол хоёрдугаар байранд 168 оноогоор ХААИС-ийн тамирчин, спортын дэд мастер Г.Санзайдорж, гуравдугаар байранд 172 оноогоор Бага-Нуур ХК-ийн тамирчин спортын мастер М.Хүрэлмөнх нар шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд нэгдүгээр байрт 171 оноогоор “Залуу од” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунтуяа шалгарч алтан медаль, цом, өргөмжлөөөр шагнагдсан. Харин хоёрдугаар байрт 183 оноогоор “Залуу Од” клубийн тамирчин, спортын дэд мастер Д.Балжинням, гуравдугаар байрт 183 оноогоор Багануур ХК багийн тамирчин Г.Үүрийнтуяа нар орсон байна. 
 
 
 
Холимог хосын төрөлд Багануур ХК-ийн тамирчин спортын мастер  З.Байтагсүрэн, тамирчин Г.Үүрийнтуяа нар 49 оноогоор алтан медаль, ХААИС багийн тамирчин, спортын дэд мастер Г.Санзайдорж, Э.Аюурзана нар 57 оноогоор мөнгөн медаль, Залуу од клубын тамирчин ОУХМ Б.Баянбулаг, ОУХМ Ж.Загас нар 63 оноогоор хүрэл медаль хүртсэн юм. Сонирхолтой нь энэ төрөлд тэргүүн байр эзэлсэн спортын мастер З.Байтагсүрэн, Г.Үүрийнтуяа нар нь Мон-Алтиус БТДС-ийг төгсөгч, нэг гэр бүлийн тамирчид юм. Тэд Ховдын Булган сумаас энэ тэмцээнд оролцохоор зорин ирж, ийнхүү өндөр амжилтыг гаргалаа.
 
Эрэгтэй хосын төрөлд 1-р байранд 48 оноогоор Багануур ХК багийн тамирчин спортын мастер Г.Төмөрбаатар, М.Хүрэлмөнх нар, 2-р байрыг 58 оноогоор Залуу од клубын тамирчид спортын мастер Х.Пүрэвжаргал, спортын дэд мастер Н.Дорлигжав нар эзэлсэн бол 3-р байранд ХААИС багийн тамирчин М.Ууганбаяр, С.Балжинням нар шалгарч, медалийн эзэд боллоо. 
 
 
Эмэгтэй хосын төрлийн тэргүүн байранд 61 оноотой Дархан ШУТИС багийн тамирчин спортын дэд мастер Г.Ижилцэцэг, Ц.Баярцэцэг нар аваргууд болж, дэд байранд 62 оноогоор Залуу од клубын тамирчин спортын мастер Б.Хишигжаргал, Б.Нямдаваа, гуравдугаар байранд 62 оноогоор “Ховд аймаг - Мон Топ” багийн тамирчин Б.Дуламханд, М.Азжаргал нар шалгарчээ. 
Талбайн цохилтын тэмцээн баг тамирчдын хувьд хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. Энэ төрлөөр Монголын тамирчид Дэлхийн оюутны аварга шалгаруулах болон Ази тивийн болон олон улсын тэмцээнүүдээс олон медаль хүртэж байсан юм. 
Эрэгтэй талбайн цохилтын ганцаарчилсан тэмцээнд шилдэг эрэгтэй 24, эмэгтэй 16 тамирчин шалгарч өрсөлдсөнөөс 1-р байрт Багануур ХК-ийн тамирчин Г.Батболд тэргүүн байрыг эзлэн, 2-р байр “Залуу од” клубийн тамирчин, спортын мастер, Х.Пүрэвжаргал, 3-р байр ХААИС багийн тамирчин М.Ууганбаяр нар удаалав. 
 
 
Эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд спортын дэд мастер “Залуу Од” клубийн тамирчин, спортын шинэхэн дэд мастер Д.Балжинням түрүүлж, 2-р байранд ХААИС-ийн багш, Залуу од клубийг үүсгэн байгуулагч, ОУХМ Ж.Загас эзлэн, 3-р байранд Багануур ХК-ийн тамирчин Г.Үүрийнтуяа нар шалгарч медалийн эзэд болсон. Энэ тэмцээний шигшээ тоглолтонд багш Ж.Загас, түүний шавь, ХААИС-ийн төгсөгч Д.Балжинням нар өрсөлдөгч бүрээ хожин шигшээ тоглолтонд шалгарч тоглосон байна.
Багийн төрөлд эрэгтэйчүүдээс 460 оноогоор спортын мастер Г.Төмөрбаатар ахлагчтай Багануур ХК-ийн баг алтан медаль, 463 оноогоор ОУХМ Б.Баянбулаг Д.Отгонпүрэв ахлагчтай Залуу од клубын баг мөнгөн медаль, 477 оноогоор спортын дэд мастер С.Сумьяа ахлагчтай ХААИС баг хүрэл медаль хүртсэн юм.
Эмэгтэй багуудаас 508 оноогоор ОУХМ Б.Оюунтуяа ахлагчтай “Залуу од” клуб 1-р байр, 510 оноогоор спортын дэд мастер Б.Цэрэндулам ахлагчтай Багануур ХК-ийн баг 2-р байр, 518 оноогоор Б.Дуламханд  ахлагчтай Ховд аймаг -Мон Топ” баг 3-р байрт шалгарлаа. Багийн амжилтыг ганцаарчилсан төрөлд хамгийн сайн тоглосон дөрвөн тамирчдын нийлбэр оноог бодож гаргасан билээ.
Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт 69 оноогоор ОУХМ Б.Мөнхбат дасгалжуулагчтай, спортын мастер Г.Төмөрбаатар ахлагчтай Багануур ХК-ийн баг тамирчид, хоёрдугаар байрт 80 оноогоор ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, ОУХМ Б.Баянбулаг ахлагчтай “Залуу од” клубийн баг, 
гуравдугаар байрт 137 оноогоор Спортын дэд мастер С.Сумьяа ахлагчтай ХААИС-ийн оюутны баг тамирчид шалгарч цом, медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлсээр шагнагдсан байна. 
Тэмцээний нээлт болон хаалтын ёслолд Монголын Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч  Д.Жаргалсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ, олон улсын шүүгч Ч.Эрдэнэтуяа, тэмцээний ерөнхий шүүгч, Мон-Алтиус БТДС-ийн багш М.Ганболд, Голомт банкны спорт клубын дарга Б.Баатар нарын албаны хүмүүс  болон тэмцээнд оролцогч багуудын багш, дасгалжуулагч нар оролцож тэмцээний медальт байранд шалгарсан баг тамирчдын шагналыг гардуулан өгсөн юм. 
 
 
Энэ тэмцээний үеэр спортын цол, зэргийн болзолоо өмнөх тэмцээнүүдэд ханган биелүүлсэн Дархан аймгийн ШУТИС-ийн багийн тамирчин Д.Мөнх-Оргил, “Залуу од” клубын тамирчин Б.Хишигжаргал нар спортын мастерын цол зэрэг хүртэн, “Залуу од” клубын тамирчин, ХААИС-ийг төгсөгч Д.Балжинням спортын дэд мастерийн цол, тэмдэг үнэмлэхээ гардан авлаа. Шинэхэн дэд мастер Д.Балжинням энэ тэмцээнд амжилттай сайн оролцон цол зэргээ батласан байна.
Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд шинэ тамирчид олноор оролцож, түүний дотроос хамгийн залуу тамирчин 13 настай Улаанбаатар багийн тамирчин Батбаярын Чинхүслэн оролцон өөрийн насны ангилалдаа тохирсон сайн тоглолтыг үзүүлэн, өсөх ирээдүйтэй сайн тамирчин болохоо харуулсан юм. Мөн тэмцээнд хамгийн ахмад тамирчнаар ХААИС-ийн багш, 55 настай ОУХМ Ж.Загас оролцон энэ тэмцээнээс олон медаль хүртэн, залуу тамирчид, модон бөмбөгийн спортоор хичээллэгчидэд үлгэр дууриал үзүүлсэн тоглолтыг гаргалаа.  
 
 
Тэмцээнийг олон сарын өмнөөс хүлээн авахаар, талбайн техникийн болон тамирчдыг хүлээн авах бүх талын бэлтгэлийг амжилттай ханган, зохион байгуулахад оролцсон Багануур дүүргийн модон бөмбөгийн холбоонд Монголын модон бөмбөгийн холбооноос тусгай бэлэг дурсгалын зүйлийг гардуулан өгсөн.
 
 
МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ