Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэгорон нутгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, төрийн албаны болон төсвийн шинэтгэлийн хүрээнд менежментийн шинэчлэлийг эхлүүлэх, мэргэжил, арга зүй удирдлагаар хангах зорилгоор Хөвсгөл аймагт ажиллалаа.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалантай уулзаж Хөвсгөл нуурыг түшиглэсэн “Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв” байгуулах асуудлыг 2022 оноос эхлүүлэх хэрэгтэйг онцолж байв. Дэлхийн өвд бүртгүүлэхээр хүсэлт гаргаад буй Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэр дэх “Уушигийн өврийн буган чулуу, хөшөө цогцолбор”-ыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэн соёлын аялал жуулчлалын бүсэд холбох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Мөн аймгийн Хөгжимт драмын театр, номын сан, музей, зураач, урчуудын холбооны “Хөвсгөл арт галерей” , Хатгал сумын Соёлын төв, орон нутаг судлах танхим, Бүрэнтогтох сумын “Уушигийн өврийн буган чулуу, хөшөө цогцолбор” зэрэг газруудын үйл ажиллагаатай танилцлаа.