Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малын хулгайтай тэмцэх аргаа олон төрөл болгоё



Урд хил хаагдсанаас үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна махны үнэ огцом нэмэгдлээ. Иргэд махыг килограммаар нь бус граммаар нь авч байгааг манай сонин сурвалжлан хүргэсэн. Харин ийм үед ченжүүд хөдөөнөөс мал, мах авах нь эрс ихэсдэг. Үүнээс гадна энэ сарын сүүл, ирэх сарын эхээр хүйтрэхээр монголчууд идэш хоолоо бэлтгэж эхлэх байх. Гэтэл энэ бүхний хажуугаар мал хулгайлах гэмт хэрэг ихээр гардаг. “Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай” гэгчээр бэлчээр дээрээсээ хэдэн малаа алдчихсан малчид хэцүүхэн байдалд ордог. Сүүлдээ өөрөө гэмт хэрэг хийчихсэн юм шиг сумын төвд дуудагдан цагдаагийн үүд сахидгаас залхаж, үйлийн үрд нь даатгаад орхих тохиолдол их байдаг тухай малчид ярьдаг.
Манай улсын хойд хилээр 1990-2000 оны хооронд дайны жилүүд шиг буудалцаан болж, айлын хоттой малыг хуйгаар нь туугаад оддог байсан тухай хүүхэд байхад үлгэр домог шиг ярьцгаадаг байлаа. Үнэхээр ч хүчтэй буугаар зэвсэглэсэн бүлэг Тува нар орж ирээд буу тулгаад аваад явахад гар хоосон малчид уйлахаас өөрийг хийж чадаагүй олон хүмүүс өдгөө ч бий. Гэтэл гаднын халдлага байхгүй болсон энэ цагт дотоодын хулгайчид нь хурдан машин, хүчтэй буугаар зэвсэглэн бэлчээрт яваа малыг буудаж унагаад ачаад явчихсан байсан тохиолдол ч олон гарсан. Хоёр жилийн өмнө олон удаагийн үйлдлээр их хэмжээний мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг Төв аймгийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилж байлаа.

Мал хулгайлсан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ, торгуулийг нэмж, хуульд оруулсан ч олигтой буурсангүй. Энэ нь хүмүүсийн амьжиргааны түвшин, улс орны эдийн засаг хүндхэн байгаатай холбоотой гэж зарим хүмүүс үздэг. Үнэхээр ч ажил хөдөлмөр хийж орлого олох боломжтой, тэр орлого нь амьдралд нь хангалттай хүрэлцдэг бол хэн хулгай хийгээд л явах билээ дээ.

Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр мал хулгайлах гэмт хэрэг энэ оны эхний есөн сарын байдлаар 473 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 49.9 хувиар буурсан эерэг үзүүлэлт байна. Тэгвэл гэмт хэргийн илрүүлэлт нь өнгөрсөн жилээсээ 9.1 хувиар өсчээ. Харин аймгуудаар задалж үзвэл Завхан, Увс аймгуудад энэ төрлийн гэмт хэрэг өсөж, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий аймагт буурсан байна. Өмнө нь мал хулгайлсан “Сүүлгүй чоно”-нуудад оноодог ял, шийтгэл нь сонгох шийтгэвэртэй байж. Харин өнгөрсөн онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” хэмээн тодорхой зааж өгчээ.

 Мөн хүндрүүлэх нөхцөл байдлаар нь олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлсан бол хэмээн хуульчилж өгчээ. Мал хулгайлдаг нөхдүүдийн зарж борлуулан мөнгө болгодог гол газар нь мал нядалгаа, махны үйлдвэр, жижиглэн худалдаа байдаг аж. Уг нь бол үйлдвэрлэл явуулдаг, худалдаа эрхлэгч нар тухайн мал, махыг гарал үүслийн бичгийг нь нягтлан шалгаж байж авах, зарах үүрэгтэй. Тэр бүү хэл мал, мах тээвэрлэж яваа жолооч нар ч энэ бичгийг нь шалгаж, өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх хэрэгтэй байдаг. Харамсалтай нь “Нүд улаан, мөнгө цагаан”-ы үлгэрээр хямд үнээр авч, цааш нь өндөр ашиг гарган зарж л байвал хамаагүй гэж үздэг нь ч байдаг гэнэ. Улсын хэмжээнд 168 мал нядалгааны цэг, махны үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 76 нь Улаанбаатар хотод, 66 нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт захад ажилладаг байна.

Бүр тодруулбал, Эмээлт захад 57 аж ахуйн нэгж мал нядалгааны цэг, мах боловсруулах үйлдвэр байдаг бол гар аргаар мал нядлах есөн цэг, малын гаралтай түүхий эд худалдан авах 22 агуулах тус тус үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Цагдаагийн байгууллагаас эдгээр газруудад шөнө өнгөтөөр бичдэг, 360 градус эргэдэг 188 камерыг байрлуулсан байна. Ингэснээр мал хулгайлсан гэмт этгээдүүдийг цаг алдалгүй илрүүлэх, хохирлыг барагдуулах боломж бүрдэх аж. Идэш бэлтгэх, нөөцийн мах бэлтгэл явагддаг энэ үед мал хулгайлах нь ихэсдэг тул “Мал мах” нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас орон даяар зохион байгуулахаар болжээ. Ер нь мал хулгайлах нь зөвхөн нэг малчныг хохироогоод өнгөрөхөөс гадна хүн, малын гоц халдварт өвчнийг тархаах, олон хүн малыг өвчлүүлэх эрсдэлийг бий болгож байдаг гэдгийг мал эмнэлгийг мэргэжилтэн хэлж байна.

Манай оронд малын хулгайгаас сэргийлэх ганц үндсэн арга нь малчид мал сүргээ байнгын хариулгатай байлгах явдал аж. Гэтэл энэ нь амьдрал дээр боломжгүй учраас амар хялбараар мөнгө олох гэсэн ухвар бодолтой хүмүүст олз болсоор байгаа юм. Улсын ерөнхий п рокурорын газрын мэдээллээр ноднин жил мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй 1212 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 5.5 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт гарчээ. Гэмт хэргээс үүдэн нийтдээ хоёр тэрбум 468 сая 239 мянган төгрөгийн хохирол учирсан гэдэг асар өндөр тоо байна. Мал хулгайлсан хүмүүсийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй байдаг.Нийгэмд ажилгүйдэл, ядуурал ихсэх тусам эдгээр хүмүүс “амьдрахын тулд” гэсэн тайлбартайгаар хулгай хийж эхэлдэг аж. Мөн энэ төрлийн гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг этгээд олон аймаг, сумдын нутаг дэвсгэрийг дамжин үйлдсэн байдаг тул шалгаж шийдвэрлэхэд цаг хугацаа их шаардагддаг байна. Тиймээс малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын түвшинд чанартай хийх хэрэгтэй байгааг хуулийнхан хэлж байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд оноох ялын хэмжээг нь нэмэгдүүлсэн ч гэсэн гарсаар байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх аргаа ард түмнээ соён гэгээрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг үйлдэж байсан, үйлдэх магадлал өндөр хүмүүсийг тогтмол орлоготой болгох, малын тооны араас хөөцөлдөх бус чанарт анхаарах, фермерийн аж ахуйг хөгжүүлэх гээд олон төрөл болгон ажил хэрэг болгох шаардлага үүсэж байна. Ингэж шат дараалсан арга хэмжээнүүдийг авч байж малчдын хуруу хумсаа хугалан зүтгэж, жилийн дөрвөн улирал нойр хоолгүй хөдөлмөрлөн байж өсгөсөн эрдэнэт сүргийг нь ганцхан шөнийн дотор хулгайлдаг байдал багасах, алга болох нөхцөл бүрдэх биз ээ. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ