Ховд аймгийн 17 сумын ахмад настнуудын дунд “Өв уламжлалаа өвлүүльe” уртын дууны цахим уралдаан зохион байгуулахаар болжээ.
Ховд аймагт урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд зэрэг 10 гаруй угсаатны бүлэг бий.Тэднийуртын дуу дуулах арга барил, нутаг, нутгийн онцлогийг хамгаалж авч үлдэх, өвлүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, мартагдсан дуунуудыг сэргээх, дуучид, уран бүтээлчдийг урамшуулах, алдаршуулахад энэхүү уралдааны зорилго чиглэж байна.
Энэ удаагийн уралдаанд оролцож байгаа ахмадууд нь 25 наснаас доош насны гарын шавийн хамт өөрийн сонгосон уртын дуугаар оролцох аж. Ингэхдээ морин хуур болон бусад хөгжмийн зэмсэг ашиглах боломжтой.
Гагцхүү оролцогчийн уран бүтээл бүхий бичлэг нь өндөр нягтаршилтай, дуу, дүрсний чанарын шаардлага хангасан байх учиртайг зохион байгуулагчид анхаарууллаа.
Тус уралдааны зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Соёлын хэлтэс, Ахмадын хороо хамтран ажиллаж байна.
Зохион байгуулагчид уралдаанд оролцогчийн дүрс бичлэгийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор S.Altangerel1215@gmail.com цахим хаягаар хүлээн авч байгаа юм.
Улмаар уртын дууны цахим уралдааны шалгаруулалтыг ирэх аравдугаар сарын 4-8-ны өдөр зохион байгуулна. Ингэхдээ оролцогчдын бүтээлийг “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар” гэх цахим хуудаст байршуулах бөгөөд мэргэжлийн шүүгчид эцсийн байдлаар дүгнэлт гаргах аж.
Уралдааны шагналын сан, тэргүүн байрт шалгарсан оролцогчид 500 мянга, дэд байрт 400 мянга, гуравдугаар байрт 300 мянган төгрөг олгоно. Мөн тусгай байрт шалгарсан оролцогчид150 мянган төгрөг, өргөмжлөлийн хамт гардуулахаар төлөвлөжээ.
Энэхүү уртын дууны цахим уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99506975, 99439151 утсаар лавлах боломжтой юм.