Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотын айл өрх, албан байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангах ажлыг "Эрчимбаян Өлгий" компани гүйцэтгэдэг.
Тус компани одоо 109 хүний бүрэлдэхүүнтэйгээр Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 53 тоот тогтоолоор тогтоосон үнэ тарифын дагуу дулааныг нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр албан байгууллагуудад 1411, орон сууцанд амьдардаг айл өрхүүдэд 780, аж ахуйн нэгжүүдэд 1170 төгрөгөөр борлуулдаг байна. Нийт 1583 хэрэглэгчийн 1294 нь айл өрх, 205 нь хувийн амины орон сууц, 44 нь төсөвт байгууллага, 155 нь аж ахуйн нэгж ажээ.
Өнөөдрийн байдлаар байгууллагын хамт олон дулааны станцын өвөлжилтийн бэлтгэлээ 95 хувийн гүйцэтгэлтэй базаасан байна. КЕ25-14 маркийн 13 Гкал/цаг хүчин чадалтай 3 зуух, 20 Гкал/цаг хүчин чадалтай КВТС-20-150 маркийн 1 зуух ажиллаж байна. КЕ25-14 маркийн нэг зуухыг тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад оруулжээ.
“Эрчимбаян Өлгий” компани 2021 оны зун Өлгий хотын дулааны гол магистрал шугамууд болон үйлдвэрийн зуухан цехүүдэд өргөтгөл, их засвар хийхээр төлөвлөсөн байна. Энэ ажлын хүрээнд шаардлагатай гол шугам, бараа материалуудыг ОХУ-ын Барнаул, Бийск хотуудаас захиалжээ. Зарим бараа материалууд цар тахлын улмаас саатсан гэдгийг компанийн төлөөлөл хэлж байна. Энэ жил Ф2х300 мм-ийн голчтой 680 м урт гол магистрал шугамыг Ф2х500 мм-ийн голчтой шугамаар сольж өргөтгөжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн чиглэлд Ф2х125 мм-ийн голчтой 900 м магистрал шугамыг Ф2х300 мм-ийн шугамаар өргөтгөж шинэчилсэн байна.
Ингэснээр Өлгий хотын дулаан дамжуулах төвийн нэвтрүүлэх хүчин чадал сайжирч, хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах боломж 20 хувиар нэмэгджээ.
Харин дулааны станцын зуухны хэсэгт ойрын 15 жилд хийгээгүй засвар үйлчилгээний ажлыг өрнүүлсэн гэдгийг онцолж байлаа. Энд 1 болон 2 дугаар конвейрийн редуктор, хөдөлгүүрийг шинээр сольжээ. К3, К4 зууханд их биеийн өрлөг изолиаци болон дулаалга хийсэн байна. К3 зуухны ул ширэм, налуу суваг, К2 зуухны нүүрний дэлгэцийг шинэчилжээ. Бүх суваг, 1 болон 2 давхрын шалны тэгшилгээ гээд нийт 2500 м2 талбайд цутгалт хийжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын автоматжуулалтын компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Тус гэрээний хүрээнд дулааны гол шугамын орох, гарах зарцуулалт, температур, даралт ба усны хатуулгыг хянах хэмжүүр тавьж автоматжуулсан байна.
Өлгий сумын дөрөвдүгээр багийн ард иргэд дулааны станцын хөө эргэн тойронд байгаа айл өрхүүдэд хүндрэл учруулж байна гэдэг шүүмжлэлийг байнга хэлдэг байсан. Тэгвэл иргэдийн хүсэлт, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн чиглэлийн дагуу 2 дугаар конвейр болон нүүрс бутлуурын хэсэгт шинээр бороожуулаагч төхөөрөмж тавьж, утаа тортгийг арилгажээ.
Компанийн зүгээс зуны их засвар, бүтээн байгуулалтын ажлууудыг дотоод нөөц бололцоогоороо 1,4 тэрбум төгрөг зарцуулж гүйцэтгэсэн байна. Харин 2019 онд 2,2, 2020 онд 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ажээ.
Түүнээс гадна нүүрсний уурхайдаа хөрс хуулалт хийж дууссан бөгөөд нүүрсний нөөцөө 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бүрэн татаж дуусахаар төлөвлөж байна.
Эрчим хүчний сайдын 2021 оны 129 дугаар тушаалаар баруун бүсийн аймгуудын халаалтын эхлэх, дуусах хугацааг 9 дүгээр сарын 15-наас дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 8 сар байхаар тогтоосон. Тиймээс тус компанийн дулааны станц өнөөдрөөс галлагаа хийж эхлээд байна.