Вьетнамд цар тахлын хямралын улмаас ажилгүй болж, амьжиргаа нь тасалдсан иргэдийг үнэгүй цагаан будаагаар хангах “Цагаан будааны АТМ” ажиллаж эхэлжээ. Тус улсад мягмар гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 265 тохиолдол бүртгэгдээд байна. Засгийн газрын зүгээс халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоосноор жижиг дунд бизнес эрхлэгчид үүдээ барьж, олон мянган ажлын байр үгүй болжээ.
Тиймээс Вьетнамын хэд хэдэн томоохон бизнес эрхлэгчид болон хандивлагчид цар тахлын улмаас гэнэт амьжиргаагүй болсон иргэдийг хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр үнэгүй хангах зорилгоор тус улсын хэд хэдэн хотод “Цагаан будааны АТМ” байршуулж эхэлсэн байна. Төрийн мэдлийн “VNA” агентлагийн мэдээлснээр иргэд өглөөний 08:00 цагаас оройн 17:00 цагийн хооронд цагаан будаагаар дүүргэсэн машинаас нэг уут буюу хоёр килограмм будаа авах боломжтой. Үнэгүй цагаан будааны дараалалд зогсох хүмүүс маш их байгаа бөгөөд иргэдийг дараалалд зогсохдоо өөр хоорондоо зургаан алхамын зай барьж, үнэгүй цагаан будаа авахаасаа өмнө заавал гараа ариутгах шаардлага тавьж байгаа аж.
О.Мөнхбат
Эх сурвалж: CNN