Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Covid-19: Итали улс дэлхий нийтээр коронавирус тарааж буй хоёр дахь том голомт боллоо

Дэлхийн хэмжээнд баасан гаригийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан 98088 тохиолдол, 3356 нас баралт бүртгэгдээд байна. Үүнээс идэвхтэй халдварын тохиолдол 40562 байгаагийн 84 хувь буюу 34075 хүн хөнгөн хэлбэрээр халдварласан, үлдсэн 16 хувь буюу 6487 өвчтөний биеийн байдал хүнд болон ноцтой хэмжээнд хүрчээ. Нийт 57526 хаагдсан өвчтөний түүх албан ёсоор бүртгэгдээд байгаагаас 94 хувь буюу 54170 өвчтөн “Covid-19”-ын халдвараас эдгэсэн бол үлдсэн зургаан хувь нь нас баралт юм. Шинэ төрлийн коронавирусийн тохиолдол дэлхийн 89 улсад гараад байна.
БНХАУ
БНХАУ-д сүүлийн 24 цагийн дотор шинээр халдвар авсан 21 тохиолдол, ердөө нэг нас баралт бүртгэгджээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан нийт 80430, нас барсан 3013 тохиолдол бүртгэгдээд байна. Урд хөршид өнөөдрийн байдлаар “Covid-19”-ын идэвхтэй халдвар авсан 25124 тохиолдол байгаагийн 5952 өвчтөний биеийн байдал хүнд болон ноцтой хэмжээнд хүрчээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр тус улсын хэмжээнд эдгэсэн хүний тоо 52293 болжээ.
Ухань хотод халдвараас эдгэж, эмнэлгээс гарсан иргэн амьсгалын замын хүндрэлээр нас баржээ
Гэсэн ч Ухань хотод 36 настай нэгэн иргэн халдвар нь эдгэж эмнэлгээс гарснаас тав хоногийн дараа амьсгалын замын түгжрэл, амьсгалын дутагдлын улмаас нас барсан юм. Тус хотын Эрүүл мэндийн мэргэжилтнүүд уг иргэнийг “Covid-19”-ын улмаас нас барсан гэж тодорхойлсон. Энэхүү асуудал нь халдварын дэгдэлт эрчимтэй намжиж буй урд хөршийн хувьд санаа зовоосон асуудал болоод байна. Үүнээс өмнө Хятадын Гуандун мужид эдгэсэн хэд хэдэн өвчтөнөөс дахин халдвар илрээд байсан юм.
“Covid-19”-ын тархалт нохой, муураас-хүнд халдсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна
Хонконгт гэрийн тэжээвэр амьтад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Гэсэн ч эрдэмтэд одоогоор нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтан нь “Covid-19”-ын халдварын тээгч байх нотлох баримт олоогүй байна. Хонконгийн их сургуулийн мал эмнэлгийн анагаах ухааны коллеж болон Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар шинэ төрлийн коронавирус нь хүнээс-гэрийн тэжээвэр амьтанд халдварлаж байж болзошгүй гэдэг дээр санал нэгдсэн аж. Харин нохой, муураас-хүнд халдсан тохиолдол бүртгэгдээгүй ч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэд гэрийн тэжээвэр амьтдынхаа ариун цэврийг сахиж, тэдэнтэй контакт үүсгэсэн тохиолдолд гараа сайтар савандаж угаан, ариутгах, нохой муур зэрэг гэрийн тэжээвэр амьтдыг гараас хооллохгүй байх, тэвэрч-ноолон, үнсэхгүй байхыг зөвлөж байна.
БНХАУ-д “Covid-19”-ын халдвар  зөөвөрлөгдөн орж ирэх явдал нэмэгджээ
Хятадын зүүн хэсгийн Жужан мужид гаднын улсад зорчсон 10 иргэн халдвар авсан нь тогтоогдсон байна. Үүний хоёр тохиолдол нь Итали улсад зорчсон иргэд байжээ. Дотоодын дэгдэлтийг харьцангуй хяналтдаа оруулж чадсан Бээжингийн эрх баригчдын хувьд дараагийн том сорилт нь халдвар импортоор орж ирэх асуудал болж ирлээ.
Итали улс сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээний голомттой бүс болж хувирлаа
Италид сүүлийн 24 цагийн дотор “Covid-19”-ын халдвар авсан 769 тохиолдол, 41 нас баралт бүртгэгдээд байна. Ингэснээр нийт халдвар авсан хүмүүсийн тоо 3858, нас барагсдын тоо 148-д хүрээд байгаа нь БНХАУ-ын араас бичигдэх үзүүлэлт юм. Европ тив дэх дэгдэлтийн голомт болоод буй тус улс нь дэлхийн хэмжээний голомт болж байгааг анхааруулж байна.   
Сүүлийн 24 цагийн хугацаанд:
-ӨАБНУ-д “Covid-19”-ын анхны тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан 38 настай өвчтөн энэ сарын 1-нд эхнэрийн хамт Итали улсад зорчоод ирсэн байна.
-Аргентин улсад хоёр тохиолдол бүртгэгдээд байгаагийн нэг нь ойрын хугацаанд Итали улсад зорчоод ирсэн 23 настай иргэн байгаа аж.
-Унгар улсад Италид зорчсон хоёр иргэнээс халдвар илрээд байна. Тус улсад нийт дөрвөн тохиолдол бүртгэгдээд буй.
-Чили улсад 20 насны төрсөн өдрөөрөө Итали улсад зорчсон иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрчээ. Тус улсад нийт 4 тохиолдол бүртгэгдээд байна.
-Люксенбургт хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Үүний нэг тохиолдол Итали улсын хойд хэсгийн Ломбарди мужид зорчоод байжээ.
-Оман улсад 16 тохиолдол бүртгэгдээд буй. Сүүлийн 24 цагийн дотор бүртгэгдсэн цорын ганц тохиолдол нь мөн л Италийн Ломбарди мужийн Милан хотод зорчоод байжээ.
-ОХУ-д Итали улсын иргэнээс халдвар илэрчээ. Хойд хөршид нийт 4 тохиолдол бүртгэгдээд байна.  
-Гүржид зургаан тохиолдол шинээр бүртгэгдсэн нь бүгд Итали улсад зорчоод байжээ. Тус улсад нийт 9 тохиолдол гараад байгаа юм.
-Мароккод бүртгэгдсэн хоёр тохиолдлын нэг нь Италид зорчсон байна.
-Тайландад бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын нэг нь Итали улсын иргэн бол нөгөөх нь тус улсад зорчоод байжээ. Тус улсад нийт 41 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдээд буй.
-Израильд нийт 17 тохиолдол бүртгэгдээд буй. Тэгвэл сүүлийн 24 цагийн дотор 2 тохиолдол бүртгэгдсэн нь Итали улсад зорчсон иргэд байжээ. Үүнээс өмнө тус улсад зорчсон нэг иргэнээс мөн халдвар илрээд байв.
Өмнөд Солонгос
БНСУ-д сүүлийн 24 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан батлагдсан 467 тохиолдол, 5 нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо нийт 6088, нас баралт 40 болжээ. Өмнөд Солонгост одоогоор 5913 идэвхтэй халдварын тохиолдол байгаагийн 52 өвчтөний биеийн байдал хүнд болон ноцтой хэмжээнд байгаа аж. Харин улсын хэмжээнд эдгэсэн хүний тоо 135 болжээ.
Халдварын дэгдэлт барууны өндөр хөгжилтэй орнуудад хамгийн хурдацтай нэмэгдэж байна
Сүүлийн 24 цагийн байдлаар шинээр халдвар авсан тохиолдол Германд 283, Францад 138 халдвар, 3 нас баралт, АНУ-д 63 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдээд байна. Мөн Испанид 54 тохиолдол, нэг нас баралт, Голландад 44 тохиолдол, Шведэд 42, Японд 33, Норвегид 32, Их Британид 29 тохиолдол, нэг нас баралт, Бельгид 27, Швейцарт 26 тохиолдол, нэг нас баралт, Грект 22, Австрид 14, Исландад 9, Австралид 7 тохиолдол тус бүр сүүлийн нэг өдөрт гарчээ. Эндээс “Covid-19”-ын дэгдэлт өндөр хөгжилтэй орнуудад хамгийн хурдацтай тархаж байгааг харж болохоор байна.
Дахин нэг Ираны томоохон улстөрч “Covid-19”-ын халдвараар нас барлаа
Ойрхи Дорнод дахь дэгдэлтийн голомт болоод буй Иран улсад сүүлийн 24 цагийн байдлаар “Covid-19”-ын халдвар авсан батлагдсан 591 тохиолдол, 16 нас баралт бүртгэгдээд байна. Тус улсын Эрүүл мэндийн байгууллага Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зарифын зөвлөх Хосейн Шейхолеслам шинэ төрлийн коронавирусийн халдвараар нас барсан болохыг баталсан юм. 67 настай тэрээр өмнө нь Сири дэх Ираны Элчин сайдаар ажиллаж байсан Ойрхи Дорнодын асуудалд нөлөө бүхий улстөрчдийн нэг байв. Иранд нийт халдварын тоо 3513, нас баралт 108-д хүрчээ.
О.Мөнхбат
Эх сурвалж: Caixin Global, SCMP, ABC, Euronews, Reuters, CNN, worldometers.info
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ