Ховд аймгийн Булган сумын Алаг толгой, Мөст сумын Баянхайрхан, Үeнч сумын Нарийн гол, Мөнххайрхан сумын Борт багт малын гоц халдварт “шүлхий” өвчин илэрч, сүүлийн үeд тархалтын хүрээ нэмэгджээ.
Үүнтэй холбогдуулан шүлхий өвчний халдварын тархалтыг таслан зогсоох, голомтыг устгах, халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон.
Улмаар малын гоц халдварт “шүлхий” өвчин гарсан голомтын бүсийн айл өрхүүдийн хөл хөдөлгөөнийг бүрэн зогсоож, гадны аймаг, сум болон Ховд аймгийн бусад бүх сумаас өөрийн сумын нутаг дэвсгэрт ямар ч малыг отор нүүдэл, худалдаа, уралдаан, хүнсний болон бусад зориулалтаар оруулах, нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргажээ.
Мөн Булган, Мөст, Үeнч, Мөнххайрхан сумаас гарах, орох гол зам, цэгүүдэд “шалган нэвтрүүлэх хяналтын цэг (пост)” байгуулж, байнгын ажиллагаанд оруулахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосон байна.
Үүнээс гадна Булган, Мөст, Үeнч, Мөнххайрхан сумаас болон зүүн, төвийн бүсийн аймгуудаас амьд мал хүлээн авахаас татгалзах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх замаар малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, тээвэрлэлт, тууварлалтад хатуу хяналт тавьж ажиллах чиглэлийг “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” Ховд аймгийн Засаг даргын 2021 оны А\441 дугаар захирамжид тусгажээ.
Мөн орон нутагт саяхан шүлхий өвчний халдвар илэрсэн тул “Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглох тухай” Ховд аймгийн Засаг даргын 2021 оны А\442 дугаар захирамж гарчээ.
Үүнд 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаанд Ховд аймгийн нутаг дэвсгэрт зүүн болон төвийн бүсийн аймгуудаас мал амьтан нэвтрүүлэх, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглов. Энэ нь малын гоц халдварт өвчин дамжин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Мөнххайрхан сумын Борт багт оношлогдсон малын гоц халдварт "шүлхий" өвчний голомтод сум орон нутгаас хэрэгжүүлж байгаа ажил, тархалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, холбогдох захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан баг тус суманд ажиллалаа гэж Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас өнөөдөр мэдээлэв.