АНУ цар тахлаас үүдэлтэй хямралаас сэргэж, хэвийн амьдралдаа аажмаар орж байгааг тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. Тэрбээр долоодугаар сарын 4-нд тэмдэглэдэг АНУ-ын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан ням гарагт үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Ж.Байден коронавирусийг хараахан ялаагүй байгааг хүлээн зөвшөөрөөд, цар тахлыг хурдан ялахын тулд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэддээ уриалав. “Хэдийгээр вирусийг ялаагүй байгаа боловч цар тахал бидний амьдралыг дахин хянахаа больсон гэдгийг бид мэдэж байгаа” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш 33.7 сая гару хүн халдвар авч, 605 мянга гаруй өвчтөн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орсон хэвээр байгаа юм. Вакцинжуулалтын хувьд 30 ба түүнээс дээш насны иргэдийнх нь 70 хувь нь вакцины дор хаяж нэг тунг хийлгэсэн байна.