Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Содном: “Төрсөн нутагтаа сайхан амьдаръя” төслийг хэрэгжүүлснээр шилжилт хөдөлгөөнийг 30 хувиар бууруулж чадна



Увс аймгийн “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төлөө хамтдаа” ТББ-аас Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төрсөн нутагтаа сайхан амьдаръя” төслийг хэрэгжүүлж байна. Энэ талаар тус ТББ-ын тэргүүн Б.Содномтой ярилцлаа.

-Төслийнхөө талаар мэдээлэл өгөөч?
-Увс аймгийн “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төлөө хамтдаа” ТББ-ыг 2019 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд улс орны хэмжээнд зохион байгуулж байгаа ТББ-ыг чадваржуулах сургалт сурталчилгаа болон олон улсын байгууллагуудаас зарласан төсөл хөтөлбөрт удаа дараа оролцож ирсэн. Энэ удаад Швейцарын хөгжлийн агентлаг, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-аас хамтран зарласан тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай оролцож, “Төрсөн нутагтаа сайхан амьдаръя” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
-Төслийн хүрээнд ямар ажлууд хийх вэ?
-Энэ төсөл дотоодын шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй иргэдийн эмзэг байдлыг хэрхэн сайжруулах вэ гэсэн сэдвийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Тэс, Завхан суманд хэрэгжих юм. Төслийн хүрээнд дотоодын шилжилт хөдөлгөөний талаар сонгогдсон гурван сумынхаа долоон багийн 1970 өрхийн 6700 иргэнд дотоодын шилжилт хөдөлгөөний талаар бодит мэдээ мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, өдөрлөг, явуулын хөтөч, ухаалаг утас, зурагт хуудас зэргийг ашиглан хүргэнэ.
Мөн 35 иргэнийг сонгон авч сайн санааны хөтчөөр бэлтгэн сургалтын материалаар хангаж, орон нутагтаа явуулын хэлбэрээр шилжилт хөдөлгөөний талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг болгоно. Үүнээс гадна зорилтот 3 сумаас аймгийн төвд шилжин ирсэн эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн насны 10 өрхийг сонгон авч аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, МСҮТ-тэй хамтран 21 хоногийн мэргэжлийн чиг баримжаа олгох дамжаанд суулгаж, 3 өрхийн тэргүүнийг мужаанаар, 5 эмэгтэйг гуталчнаар, 2 иргэнийг засварчин, гагнуурчнаар сургаж, гэртээ үйлдвэрлэл явуулах боломжит хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх юм.
2019 оны судалгаагаар Улаангом, Тариалан, Наранбулаг, Завхан, Тэс суманд дотоодын шилжилт хөдөлгөөн их гэж гарсан бөгөөд энэ хүрээнд баруун бүсээс Завхан, зүүн бүсээс Тэс сумыг сонгон авч төсөл хэрэгжүүлэхээр болсон.
-Цар тахлын нөхцөл байдалтай төслөө хэрхэн уялдуулж хэрэгжүүлэх вэ?
-Төслийн ерөнхий санхүүжүүлэгч байгууллагаас 2020 оны 11-р сарын 26-нд Улаанбаатар хотод анхны сургалтаа хийсэн. Тухайн үед цар тахлын нөхцөл байдал намжмал байсан бол одоо хүндэрч байна. Иймээс төсөл хэрэгжих явцад ард иргэдийг соён гэгээрүүлэх, мэдээ мэдээллээр хангах үйлчилгээг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага болон цахим орчныг ашиглан хүргэхээр болсон.
Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Улаанбаатар хот болон бусад аймаг, сум руу шилжсэн ч 5-10 жилийн дараа нутагтаа ирээд сайхан амьдарч байгаа хүмүүс байна. Бид энэ төслийн хүрээнд шилжиж яваад буцаж ирсэн 20 өрхийг сонгон авч тэр айлын хөдөлмөр эрхлэлт хэр байна, нийгмийн халамж хүртэж чаддаг уу, газраа өмчилж авсан уу, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч байна уу гэдэгт судалгаа хийж, хэрвээ учир дутагдалтай зүйл байвал түүнд нь зуучлах ажлыг хийнэ.
-Нэг үеийг бодвол Увс аймагт шилжилт хөдөлгөөн буурсан шүү дээ?
-Бусад аймаг, хот руу шилжих хөдөлгөөн 1990-2000 оны үед Увс аймагт маш их байсан бол 2014 оноос эрс буурсан. Энэ нь манай аймагт дэд бүтэц хөгжиж, хүмүүсийн амьжиргааны түвшин дээшилсэнтэй холбоотой. Ер нь бол шилжиж байгаа хүмүүсийн ихэнх нь хүүхдээ сургах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, зах зээлд ойртох, ажил хөдөлмөр эрхлэх, малаа өсгөх гэж л бусад хот, аймаг, сум руу шилждэг.
Бид энэ төслийн хүрээнд иргэдийн шилжилт хөдөлгөөн зөвхөн төвийн урсгалд чиглээд байна уу, эсвэл аймаг дотроо сум, баг руу чиглээд байна уу гэдэгт судалгаа хийнэ. Дотоодын шилжилт хөдөлгөөний талаар Монгол Улсын хэмжээнд 2018 онд нэгдсэн судалгаа хийсэн байна, түүнээс хойш дахиж судалгаа хийгээгүй юм билээ.
-“Төрсөн нутагтаа сайхан амьдаръя” төслийн хэрэгжих хугацаа хэр урт вэ?
-2021 оны 9-р сарын 30-нд дуусна. Үндсэндээ 6 сарын хугацаатай хэрэгжих төсөл юм.
Шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй амьдралын сайн, муу тал юу байна гэдгийг иргэд дор бүрнээ сайн тунгаах хэрэгтэй. Гэр бүлийн гишүүн бүрийн саналыг сонсож байж шилжин суурьших шийдвэр гаргахгүй бол болохгүй. Зөвхөн өрхийн тэргүүний сэтгэлийн хөдөлгөөнөөр, эсвэл бусдын шахалтаар нүүчихээд амьдралаа алдаад эмзэг байдал үүсэх нь бий. Ялангуяа Улаанбаатар хот руу шилжсэн зарим иргэд өөрийн гэсэн газаргүй, айлын хашаанд буучихдаг, хүүхдүүд нь сургуульд орж чадахгүй, өөрсдөө засаг захиргааны бүртгэлгүй байдаг. Иймээс энэ асуудлыг сайжруулахын тулд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн”, манай ТББ хамтраад энэ төслийг Увс аймагт хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр Увс аймагт хоёр ТББ шалгарч, төслөө хэрэгжүүлж эхлээд байна.
-Төслөөс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Бид 6 сарын хугацаанд ард иргэдэд шилжилт хөдөлгөөний чиглэлээр сургалт сурталчилгаа хийснээр шилжилт хөдөлгөөнийг 30 хувиар бууруулж чадна гэж үзэж байгаа.
-Үргэлжлэх боломжтой юу?
-Төсөл цаашид үргэлжлэх эсэх нь биднээс шалтгаална. Аймаг орон нутгийн удирдлага, төсөл хэрэгжиж байгаа сумдын ЗДТГ-аас бидэнтэй хамтраад уг төслийг үр дүнтэй, сайн хэрэгжүүлбэл цаашид санхүүжилт нэмэгдэж, Монгол Улсын хэмжээнд хэрэгжих боломжтой. Төслийн 2-р үе шат 2022 оноос хэрэгжинэ.
-Миний асууж амжаагүй, таны хэлэхийг хүссэн зүйл юу байна вэ?
-Увс аймгийн 80 мянган иргэн төрсөн нутагтаа сайхан амьдраасай гэж хүсч энэхүү төслийг хэрэгжүүлж байна.
2020-2021 онд Увс аймагт шилжиж ирээд газраа авч чадахгүй байгаа, төрийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа, хүүхдээ сургуульд оруулж чадахгүй байгаа, мөн орон нутагт дасан зохицож чадахгүй байгаа хүмүүс байвал Увс аймгийн “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төлөө хамтдаа” ТББ-д хандаарай гэж хэлэх байна.
-Баярлалаа. Амжилт хүсье.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ