Орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан баг Баянхонгор аймгийн "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр"-т хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээ хийж, бодлогын зөвлөмж боловсруулжээ.
Жендэрийн Үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд дээрх ажлыг зохион байгуулсан байна.
Монгол Улсын Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль, Тогтвортой хөгжлийн тав дах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянхонгор аймаг 2015 онд "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр"-ийг 3 зорилт, 18 үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр баталжээ. Хөндлөнгийн үнэлгээгээр төлөвлөгдсөн 18 үйл ажиллагаанаас 14 нь бодит ажил болж, 77.8 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн бөгөөд төлөвлөгдөөгүй гурван үйл ажиллагаа нэмэлтээр хэрэгжүүлсэн дүн гарсан байна.
Дэд хөтөлбөрийн хүрээнд ТББ-уудтай хамтран хүчирхийлэлд өртөгчдөд үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулан ажиллуулж байгаа нь улсын хэмжээнд сайн туршлага болсныг хяналт шинжилгээний баг онцолжээ. Төлөвлөгдөөгүйгээр хийсэн үйл ажиллагаанд Нийгмийн салбарын байгууллагууд, Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтран хэрэгжүүлсэн “Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Эрэгтэйчүүдийн манлайлал” зөвлөгөөн, “Гэр бүлийн үнэ цэнэ” аймгийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажлууд болсныг мөн дурдсан байна.
Харин олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, хүйсээр ангилсан мэдээллийг бодлого төлөвлөлтөд ашиглах, эрэгтэйчүүдийн эмч бэлтгэх, эмнэлэгтэй болох зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжээгүй орхигдсон шалтгаан нь санхүүжилт дутмаг, хүний нөөцийн мэдлэг, ур чадвар, аргачлал дутагдсанаас болсныг оролцооны хяналт шинжилгээний багийн мэргэжилтнүүд тэмдэглэжээ.