Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирусээс болж АМЬ НЬ ТАСРАХ АРДЧИЛАЛ

Америкт төдийгүй дэлхий даяар бичлэгийн өнгө төрх, нийтлэлийн бодлого, хөндөж буй асуудлын агуулгаараа алдартай Вашингтон Пост сонинд Унгарын талаар, ардчиллыг популизм хэрхэн устгаж буй талаар, коронавирусний цар тахал уйлж буй Унгарын үнэн нүүр царайг хэрхэн илчилж буй талаар нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ.  Йелийн их сургуулийн Түүхийн ухааны чиглэлээр төгссөн Ишаан Тарур “Коронавирусээс болж амь нь тасарч буй ардчилал” гарчиг доор Унгарыг ноцтой шүүмжлэв Вашингтон Пост болон “Time” эсэтгүүлд гадаад харилцаа, олон улсын харилцааны чиглэлээр нийтлэл бэлтгэн хүргэдэг мэргэшсэн сэтгүүлч юм. Түүний бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Эрхэм уншигч та бүхэн Унгар улсыг нэгэн цагт ардчиллын “дархлаа”-тай байсан гэж дуулсан уу. Ардчилалд элэггүй, үндсэрхэг үзэлтэй Виктор Орбанын засагласан арван жилийн хугацаанд энэ улс ихэд өөрчлөгджээ. Эрх мэдлийн харилцан уялдаа, хяналт, шүүх засаглал хазайж, иргэний нийгэм, чөлөөт хэвлэл амаа барьж, Орбанын харьяалагддаг эрх баригч Фидеш намын илэрхий оролцоо сонгох, сонгогдох эрхэд сүүдрээ тусгах болов. Коронавирусний цар тахал эрчмээ нэмэгдүүлсэн нь Будапештийн туйлдсан ардчиллыг маш эмзэг болохыг ил болгосон юм.
Өнгөрсөн даваа гарагт Унгарын парламент туйлдсан ардчиллыг улам эцээх нэгэн ээдрээт хуулийн төслийг баталж орхилоо. Онцгой байдлын үед Виктор Орбанд эрх мэдлийг олгож, парламент тарж, сонгууль болохоо болив. Ерөнхий сайд онцгой захирамж гаргаж улсаа захирах бүрэн эрхтэй боллоо. Хэдийгээр сөрөг хүчнийхэн хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг нарийн тусгахыг хүссэн боловч эцэстээ бүтэлгүйтэв. Орбанын харьяалагддаг намынхан парламентын 2/3-г бүрдүүлдэг учраас түүний эрх мэдэл өргөсөх замдаа шуудран оржээ.
Коронавирус цар тахлын хэмжээнд хүрч олон улсад голомтлон тархаж байгаа энэ цаг үед олон улс орон арга хэмжээ авч байгаа. Унгарын Засгийн газар ч мөн адил тодорхой арга хэмжээ авч буй. Маргаантай хууль батлагддаг даваа гарагийн байдлаар тус улсад коронавирусний 450 тохиолдол бүртгэгдээд байжээ. Гэхдээ Засгийн бүх эрхийг өөрийн гарт төвлөрүүлсэн Орбан үүнийг улстөрийн ашиг хонжоо болгон ашиглав. Тэр гадаадын цагаачдыг хамгийн аюултай гэж тэмдэглээд хилээ хааж, цагдаажуулах түрэмгий бодлого болгон хувиргав. Гаргасан үйлдлээ зөвтгөхийн тулд “Бидэнд тулгарах аюул, зовлонгоос бид холдъё гэхнээ чадахгүй. Одоо хэн бүхэн аятай, таатай байлаа орхих ёстой. Энэ нь Унгарын засгийн газарт улсаа хамгаалах хүч өгч буй хэрэг” гэж парламентын гишүүдэд мэдэгдсэн юм. Засгийн эрхийг өөртөө төвлөрүүлсэн гэх Онцгой байдлын тухай хуульд илт худал мэдээлэл тараасан иргэнийг таван жил хорих ялаар шийтгэхээр боллоо. Энэ заалт хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд ч хамаарах бололтой. Гэвч улс орны эрүүл мэндийн систем доголдож, төрийн бодлого үгүйлэгдэж байна гэж нэг талд шүүмжилж байх хооронд Орбан үүссэн нөхцөл байдлыг хатуу хяналтаар шийдэх хэмжээгүй эрхээ баталгаажуулав.
Будапешт хотод төвтэй Төв Европын их сургуулийн Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүйн хөтөлбөрийн захиарл Рената Уитз “Засгийн газар нь бүх эрх мэдлийг хэмжээгүй эрхээр авахыг оролддог ардчиллыг би хаана ч хараагүй” гэж Блумберг телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа онцолсон юм. Буурал тивийн бусад газар оронд ч Орбаныг шүүмжлэгсэд олширсоор байна. Онцгой байдлаар халхавчлан эрх мэдлээ өсгөж, дарангуйлалд хөтлөх буруу нүүдэл гэж түүнийг шүүмжилж буй. Засгийн газар нь парламентын эрх мэдлээс хэтийдэж, “хязгааргүй үргэлжлэх хяналтгүй байдал” нь туйлдсан ардчиллыг нь мөхөлд хүргэх аюултайг ч сануулсаар байна. Нэгэн цагт Италийн Засгийн газрыг тэргүүлж асан Маттео Ренци энэ үйлдлийг “Еврпоын холбооны үнэт зүйлсэд халдсан Унгарын бурангуй үйлдэл нь Европын холбооноос хөөгдөх дээрээ ч тулж магадгүй” гэж твиттер хуудаснаа жиргэсэн юм. Гэвч Виктор Орбан ч өөрийн дэмжигчидтэй. Өрнөдийн цагаачлалын эсрэг түүний гал цогтой үзэл нь түүнийг арслангийн зүрхтэй үндэс баатрын зэрэгт аваачиж, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Цагаан ордноосоо талархлын цахилгаан илгээж байсан удаатай. Түүнийг Италийн хэт барууны үзэл баримтлалаараа алдаршсан Маттео Сальвини “Энэ бол ардчилсан сонгуулийн үр дүнд бий болсон парламентын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр” гэж зөвтгөсөн юм. Буурал тивийн баруун төвийн үзэл баримтлалтай намууд өнгөрсөн хэдэн жил “Фидеш” намыг хамгаалсаар ирсэн. Нэгэн парламентын далбаанд ч байлгасаар ирсэн. Гэвч одоо энэ нам буурал тивийн консерватив нэгдлээс гарч ч магадгүй нөхцөл үүслээ. Хэдийгээр Орбан болон түүний холбооттнууд цар тахлын аюул хумигдаж, коронавирус хяналтад орохтой зэрэгцэн эцэслэнэ гэж үзэж байгаа ч үүнд нь итгэх хүмүүс тийм ч олонгүй байна.
“Орбаныг чухам юу хийдгийг эргэн санах хэрэгтэй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд түүний гаргасан шийдвэр шүүхэд нөлөөлсөн байдал, иргэний нийгмийг боомилсон, хэвлэл мэдээлэлд халдсан зэрэг нь тасралтгүй шүүмжлүүлсээр ирсэн шүү дээ” гэж АНУ-ын “Энтерпрайс” бодлогын судалгааны төвийн захирал Далибор Рохак ярьжээ.  Рохак энэ талаар Вашингтон Пост сонинд Сорос тэргүүтнүүдийн дэмждэг санхүүгийн хямралын үеийн гаднын компанийн ашиг сонирхол, дүрвэгсдийн хямралын эсрэг үйлдэл зэрэг нь улс төрийн өнгийг тодорхойлдог гэж бичиж байв.
Коронавирусний цар тахлыг улс төрийн оноо авах гэсэн үйлдэл болгож байгаа хүн нь цор ганц Орбан ч биш. Түүний “төөрсөн ах дүүс” бишгүй дээ байна. Израилын Ерөний сайд Бенямин Нетаньяху цар тахлаар далимдуулж холбогдсон хэргийнхээ шүүх хурлыг хойшлуулж, “парламентын эргэлт” гэж нэрлэгдэх хөшүүргээр улс төрийн эрх мэдэлдээ дахин хүрэхийг санаархаж буй. Хөрш зэргэлдээ Польшид вирусний тархалт эрх баригчдын бодож байгаагаас илүү хурдан тархах аюул нүүрлэж байхад эрх баригчдаа олон нийт нь шүүмжлээд эхэлсэн. Учир нь хорио цээрийн дэглэмийг үл хэрэгсэн, Тавдугаар сард товлогдсон сонгуульдаа бэлдэж үндсэрхэг, популист амлалтууд өгсөөр байна. Хэрэв сонгууль хойшлогдохгүй бол одоогийн Ерөнхийлөгч Андрей Дуда сонгуульд ялалт байгуулах нь бараг тодорхой байгаа юм. Үүнийг судалгаа ч бэлхнээ харуулж байгаа.
Цар тахлын аюул хямралыг давж, цаг алдалгүй онц арга хэмжээ авахыг шаардаж байгаа хэдий ч олон нийтийн айдсыг улс төрийн заль мэхэндээ ашиглах нь улстөрчдийн санаархал байсаар буйг шинжээчид сануулсаар байна. Нийтлэлийн төгсгөлд Вашингтон Пост сонинд “Хүний эрхийн ажиглагч” байгууллагын Зүүн Европын шинжээч Лидиа Галлын хэлснийг сануулъя. “Онц байдлын үед зарим эрх мэдлийг давуулан ашиглах шаардлагатай нөхцөл байхыг үгүйсгэхгүй ч энэ түр зуурын шинжтэй, нийтийн эрүүл мэндийг сахихаас өөр аргагүй нөхцөлд хэрэгжих ёстой. Гэвч Унгарт батлагдсан онцгой байдлын хууль нь эрх мэдлийг нарийн тусгаагүй, хэдий хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа нь дээр дурдсан шалгуур шаардлагад нийцэхгүй байгааг тодорхой харж болно” гэж.
Б.Болорсүх
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ