Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооноос сумдын сонгуулийн хороодтой ээлжит хурлаа энэ сарын 10-нд цахимаар зохион байгууллаа.
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах ажлын хэсэгт аймгийн хэмжээнд 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа аж. Иймээс шат шатны хэсгийн хороонд ажиллах төрийн албан хаагчдыг ёс зүйгээ дээдлэн ажиллахыг аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа хурлын эхэнд онцгойлон анхаарууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан аймаг, сумдын сонгуулийн хороод бэлтгэл ажлаа хийж эхлээд байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сонгуулийн насны 72876 иргэн байгаа бөгөөд 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш нийтдээ 1108 иргэн шилжилт хөдөлгөөн хийжээ. Энэ талаар аймгийн сонгуулийн хорооны гишүүн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Саранчимэг: “Өнгөрсөн орон нутгийн сонгууль болон УИХ-ын ээлжит сонгуулийн үеүдэд Сэлэнгэ аймагт "Ковид-19" халдвар бүртгэгдээгүй байсан. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль цар тахлын хүнд нөхцөлд болох гэж байна. Иймд хэсгийн хороодын санал авах байрны аюулгүй байдлыг хангах, сонгогчдын мэдлэгийг дээшлүүлэх, хэсгийн хороодын ажилчдад сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд сонгуулийн хэсгийн хороодод 735 ажилтан томилогдсон. Мөн үүн дээр тухайн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаа, онцгой байдал, эмнэлгийн ажилтнууд нэмэгдэх тул сонгогчдын мэдэх, эрх, санал өгөх үйл явц бүрт төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан ажиллахыг энэ сургалтаар анхаарууллаа” хэмээн ярилаа.
Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны дарга, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа: “Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах хүмүүсийн 80 гаруй хувь нь өмнө нь сонгуульд ажиллаж байсан туршлагатай төрийн албан хаагчид байгаа. Иймд сонгуулийн санал хураалт дуустал алдаа гаргалгүй, аймгийн сонгуулийн хороотой хамтран ажиллахыг зохион байгуулагчдаас хүслээ” гэв.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 18-аас дээш насны 72876 иргэн сонгууль өгөхөөр бүртгэгдсэн байна.