Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар өчигдөр 16цаг 46 минутад 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Мөн тус газарт 12 минутын дараа 16 цаг 58 минутад 4.3 магнитудын хүчтэй, Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар 22 цаг 11 минутад 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, давтан хөдлөлт 2 удаа бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүйбайна.
Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгдсэнгэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 200 удаагийн хөдлөлт болсон байна.