Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголд болсон асар хүчтэй газар хөдлөлт


1957 оны 12 дугаар сарын 4-нд Алтайн нурууны Их Богдод асар хүчтэй газар хөдлөлт болсон. /oдоогийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг/ Газар дор 30 км байсан голомтонд 11-12 балл хүрсэн. 12 нь дээд балл байдаг. Ийм хүчтэй газар хөдлөлт хуурай газар ховор тохиолдоно.
80 км үргэлжилсэн уул нуруу өргөгдөж, хойш хөдөлсөн. 8,5 метр өргөгдсөн нь шинжлэх ухаанд баттай бүртгэгдсэн дээд хэмжээ. 10 метр өндөр чулуун давлагаа мэт бүтэц Торомхон гэдэг газар үүссэн. Бахар уулын орой хэсэг нурж унахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу, Номин нуур үүссэн.
300 км урттайгаар газар хагарахад олон мал унаж үхсэн. Хагархайн хоёр тал дээш доош их зөрсөн, өргөгдсөн хэсэг өргөгдөөгүй дээрээ давж нөмрөн тогтох, газар хойш шилжсэн, атирсан, овойсон гээд содон үзэгдлүүд гарсан.
Эхлээд 5 балл газар хөдлөхөд хүмүүс барилга байшингаас гарсан. Дахин газар хөдлөхөд барилга байшингууд нурсан. Тариа шигших мэт өнхөрцгөөж, хүн малгүй хөл дээрээ тогтож чадахгүй байлаа гэж дурссан байдаг. Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхөрсөн бөгөөд холоос харахад олон сарлаг тоос хадаан бууж байх шиг харагдсан. 13 хүн амь насаа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгдсэн.
Газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигдсан. 10 сая төгрөгийн хохирол учирсан.
Эхлээд бүгт дуу гарснаа, дараа нь хүчтэй дэлбэрэлт адил чимээ гарсан байдаг. Тэнгэрт тулсан шороо тоос босож, 230 км үргэлжилсэн уул нурууг бүрхэж, 100 метрээс цааш юм үзэгдэхээ байж, 2 хоногийн дараа л агаар цэвэршсэн.
Газраас ус оргилж, 30 гаруй км урт урссан гол мэндэлсэн ч, дөрвөн жилийн дараа татарчээ.
5 сая ам км нутаг буюу гурван улсад газар хөдлөлт мэдрэгдсэн. 300 000 ам км нутагт барилга байшинд нэлээн хохирол учирсан, голомтоос 300-325 км-т ч.
9 баллын бүс 17 000 ам км. 8 баллынх 65 000 ам км. 7 баллынх 230 000 ам км. 6 баллынх 700 000 ам км. 5 баллынх 1,5 сая ам км буюу Монголын нутаг дэвсгэр шиг.
700 км зайтай Улаанбаатарт 5-6 балл доргиж, хана цуурах, шавар шохой унах, барилга суух зэрэг гэмтэл гарсан. Гадаад яаманд чухал хурал болж байхад дээрээс шороо гоожсон гэж дурсдаг. Хөдөө нэг хурал болж байтал Сүх жанжны баримал толгой сэгсэрсэн ч гэж дурсдаг.
1000, 1300 км зайтай Улаан-Үд, Читад 4 балл доргисон.
Эрхүүд 5 балл доргисон. Эрхүүд олон барилга байгууламжид бага зэрэг гэмтэл учирсан. Эрхүүгийн УЦС-ийн шороон далан нягтарч, ус шүүрэх магадлалыг үгүй болгосон. Энэ нь газар хөдлөлт барилга байгууламжинд сайн нөлөө үзүүлсэн маш ховор тохиолдол ажээ.
Ховорхон хүчтэй газар хөдлөлт хүн ам сийрэг нутагт болсноор харьцангуй бага шуугиан дэгдээсэн ч шинжлэх ухаанд тодын тодоор тэмдэглэгдэн үлджээ.
 
 
 
 
 
Их Богд хайрхан 
далайн түвшнээс дээш 3957 м
 
Байгаль, орчин аялал жуулчлалын яам
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ