Сүхбаатар аймгийн хэмжээнд өвчний голомтот бүсээс ирж, гэрийн ажиглалтад байгаа 3800 орчим хүн байна. ЭМЯ-наас ирсэн чиглэлээр эдгээр иргэдийг 14 хоногийн дараа түргэвчилсэн оношлуураар давтан шинжилгээнд хамруулах ёстой. Гэвч аймгийн хэмжээнд оношлуурын нөөц хангалтгүй байгаа бөгөөд нөөцдөө тулгуурлан эхний ээлжинд Баруун-Урт сумын 60 иргэнийг шинжилгээнд хамруулахаар болжээ.
Эдгээр иргэд өөр өөрийн багийн харьяаллын дагуу тогтоосон цэгт очиж шинжилгээгээ өгнө. Шинжилгээг Баруун-Урт сумын 1, 2, 4 дүгээр сургуулийн байранд авах аж.
Одоогоор аймгийн хэмжээнд ердөө 1200 ширхэг түргэвчилсэн оношлуур байгаа бөгөөд үүнээс сумдад хуваарилна. Оношлуурын нөөцийг бүрдүүлэхээр ЭМЯ болон аймгийн Онцгой комисст санал хүргүүлээд байгаа ч одоогоор дорвитой шийдэгдсэн зүйлгүй байгаа тухай ЭМГ-аас мэдээллээ.