Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Агтана хүрээт” наадмаа авч үлдэх үү, эсвэл...


Ч.ҮЛ-ОЛДОХ
Сүхбаатар аймгийн нутаг  тал хээрийн бүс, таван хошуу мал, тэр дотроо адууны нутаг гэж эртнээс тогтоон Манжийн сүрэгчин хошууг болгосон түүхтэй. Өвс ургамлаасаа өгсүүлээд газар нутгийн өвөрмөц онцлогтой нь холбоотой. Тэр нь хүн ардынх нь зан заншил, амьдрах арга хэлбэр, түүх соёл бүрэлдэхэд нэг гол хүчин зүйл болсон нь зайлшгүй. Сүүлийн үед энэ нутгийг адууны орон, адууны нутаг, хурдны өлгий хэмээн ярьж, бичих болсон. Тэр нь ч бас үнэн. Монгол төрийн наадмын хурдан морины наадмын түрүү, аман хүзүү, айрагт хурдалсан ажнай хүлгүүдийн гарал, угшил зүүн бүс нутаг, тэр дундаа Сүхбаатар аймгаар овоглон алтан жолоо өргүүлж ирсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Маргах хүн гарахгүй л болов уу.
Адуу сонирхогчдын дунд “Халзан адуу хаа ч хурдална” /Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай адууг ийн  ярьдаг/  гэлцэж,   “Егүзэр адуу” /Эрдэнэцагаан сумаас гаралтай адуу/  гэсэн нэр томъёо  бий болсон. Тэгвэл Сүхбаатар аймгийнхан одоогоос гурван жилийн өмнөөс “Агтана хүрээт” хэмээх адуучдын баяр, хүлэгч эрсийн наадмыг санаачлан зохион байгуулах болсон.
Агтана хүрээт гэх нэрийг  Дарьгангын газар нутгийн түүхээс авч үзвэл   “Шилийн сайн эрсийн хийморийн уул” хэмээн  нэрлэгдэж ирсэн Шилийн богдын зүүн  суганд  ийм нэртэй багахан хонхор байх. Энэ хонхор эрт  цагт газар хөдлөлт буюу оргилолтоос сууж үлдсэн байж болохыг судлаачид хэлдэг. Түүх сурвалжид дурдсанаар тус   хонхорт Манжийн сүрэгчин хошууны үед Уулын Ду хэмээх  ноён адуугаа хурааж оруулаад дутуу гүйцдийг нь мэддэг байсан учраас энэ нэрийг олсон гэх нь ч бий.  Нэрт зохиолч Д.Маамын “Газар шороо” романд Ду ноёны талаар тодорхой мэдээлэл дурдагдсан байдаг.
Ямартай ч хил хязгаар нутгаа сахин хамгаалж оршин амьдарч ирсэн,  адуун сүлдтэй, шүтээнтэй энэ нутгийнхан өдгөө “Агтана хүрээт” хэмээх адуун соёлын том баяр, хүлэгч эрсийн наадмыг санаачлан бий болгосон нь өөрөө маш  чухал юм. Үүгээр дамжуулан  тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, нүүдэлчин түмний өв, монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа өвлүүлэн үлдээх, хамгаалах,сурталчлах олон талын ач холбогдолтой. Дээр нь адуу, адуучин хоёрын чансааг тодорхойлж байдгаараа онцлогтой. Цаашид бүс нутаг төдийгүй улсын хэмжээнд өвлийн  аялал, жуулчлалыг хөгжүүлэх соёлын том ивэнт болох ирээдүй харагдаж буй. Ер нь бол  улс орны соёлын бодлогыг тодорхойлж байдаг салбарын яам, Соёлын яамны хийх  ажлыг нэг аймаг, сүхбаатарчууд санаачлаад хийж байгаа нь бахархал гэхээс өөрөөр тайлбарлах үг үл олдоно.
Энэ  наадам эхний удаад  орон нутгийн хэмжээнд зохиогдож байв. Хоёр дахь жилдээ бүсийн наадам болж өргөжсөн байдаг.  Энэ жилийнх нь   өнгөрсөн сарын 7-нд улсын хэмжээнд зохион байгуулагдлаа. Хөл хорионы дэглэмд шилжихийн дөнгөж өмнөхөн тус наадам болж өнгөрсөн. Ингэж өргөжихийн хэрээр орон нутаг нь илүүтэй анхаарч, ач холбогдол өгч дэмжих, сааначилга гаргах учиртай санагдана. Яагаад гэвэл, энэ жилийн “Агтана хүрээт”  наадмыг зохион байгуулахад орон нутаг нь төдийлөн ажилласангүй.  Орон нутгийн сонгууль, томилгоо гэхчлэн  цаг үе ч тэгж таарсан байж мэдэх. Гэхдээ  нэг намын дотоод ажил, томилгоо, улс төрийн ажлаас  нь  илүү аймаг, орон нутгийнхаа нэрийг гаргаж, түүхээ дархлах, бэхжүүлэх том ажил нь  “Агтана хүрээт” наадам  нь байсан юм шүү гэдгийг хэлэх байна.
Ямартай ч энэ удаа санаачлагч, зохион байгуулагч хэдхэн хүн л улсын хэмжээний наадмыг нуруун дээрээ үүрч, аймаг, орон нутгийнхаа  нүүрийг тахалж гарав уу гэж ажиглагдсан. Ер нь ч тийм. Сүүлдээ өнөөх наадмаа тэрний санаачилга, энэ хүний л  хийж байж байгаа ажил гэж хэн нэгэн рүү чихээд өнгөрөх жишээтэй. Тийм биш л дээ, Сүхбаатар аймгийнхны  соёл, түүхийн дархлаа төдийгүй  улсын хэмжээнд нүүдэлчдийн өв уламжлалыг өвлүүлэх, сурталчлах, цаашлаад аялал жуулчлал хөгжүүлэх, эдийн засгаа өсгөх олон талын ач холбогдлыг нутгийн удирдлагууд олж харах ёстой санагдана.
Хэдийгээр  хэдхэн хүний  нуруун дээр бүх ажил нь өрнөсөн гэхэд  “Агтана хүрээт-2020” наадамд энэ жил   21 аймаг, Сүхбаатар аймгийн 13 сумын шилдэг хүлэгч эрс аймаг, сумаа төлөөлөн оролцсон.  “Агтана хүрээт” наадмын хүрээнд Сүхбаатар нутгаас төрөн гарсан энэ цагийн эгэлгүй хүлгүүдийг алдаршуулан хүндэтгэл үзүүлдэг. Энэ уламжлалын дагуу  Түвшинширээ сумын уугуул, Аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн  “Дүү хээр” азарга, Асгат сумын уугуул Аймгийн алдарт уяач Чулуунбаатарын “Асгатын хүрэн” морийг алдаршуулж,  хурц хурдан хүлгийг өөрийн адуун сүрэгтээ торниулж улс бүсэд нутаг усныхаа нэрийг дуудуулж яваа Уулбаян сумын харъяат, Аймгийн алдарт уяач Б.Агваанд  хүндэтгэл үзүүлсэн.
 Хүлэгч эрсийн наадамд 53 адуучин эр чадлаа гайхуулж,  шилдгээ шалгаруулсан бол “Хос морьтон” тэмцээнд есөн  хос оролцжээ
“Агтана хүрээт-2020” хүлэгч эрсийн наадмын адуучин тэмцээний төрөлд:
I байр: Л.Манлайжаргал /Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум/
II байр: Жангавням /Хэнтий аймаг, Батноров сум/
III байр: Г.Баяржаргал /Дорнод аймаг, Матад сум/
“Хос морьтон” тэмцээний төрөлд:
I байр: Б.Амарбат /Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум/
II байр: Н.Дашдэлэг /Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум/
III  байр: Ч.Ороолон /Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум/ нар шалгарч аваргуудаар тодорчээ.
Энэ жилийн  “Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадмыг 3000 гаруй хүн зорин ирсэн нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтойг харуулсныг хэвлэлүүд онцолсон байна. Цаашид Сүхбаатар аймгийн удирдлагууд  тус наадмынхаа  хүрээг улам өргөжүүлж,  соёл,  эх түүхээ томоор  харж, илүү далайцтай сэтгэж ажиллах биз гэж найдна. “Агтана хүрээт” наадмаа авч үлдэх үү, эсвэл гэдэг нь орон нутгийн удирдлагууд, тэдний дэмжлэгээс шууд хамаарах билээ.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ