Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргажээ. 11 дүгээр сарын 20-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Завханы Нөмрөг, Цагаанчулуут, Баянхонгорын Галуут, Архангайн Түвшрүүлэх, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 10.1-20.0 см, Увсын Баруунтуруун, Завханы Отгон, Шилүүстэй, Яруу, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Говь-Алтайн Цогт, Эрдэнэ, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Баянбулаг, Баянхонгор, Гурванбулаг, Заг, Эрдэнэцогт, Хүрээмарал, Бөмбөгөр, Бууцагаан, Архангайн Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Чулуут, Өвөрхангайн Хайрхандулаан, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Бугант, Ерөө, Төвийн Зуунмод, Хэнтийн Өлзийт, Баянмөнх, Дархан, Сүхбаатарын Сүхбаатар, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Асгат, Дарьганга, Мөнххаан, Онгон сумдад 5.1-10.0 см, бусад нутагт 5.0 см хүртэл зузаан цастай байна.
Мөн зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40-өөд хувьд их (нэн их 6.0%, их 30,4%), 30 шахам хувьд нь (28.2%) дунд зэрэг эрсдэлтэй гарчээ. Үүнээс Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа. Өөрөөр хэлбэл эдгээр нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.