“Удмаа мэдэж, судраа цуглуулъя” угийн бичгийн үзэсгэлэнг Өмнөговь аймагт зохион байгууллаа.
Уг үзэсгэлэнд 110 гаруй угийн бичээс дэлгэж, олон нийтэд угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг таниулсан юм. Тухайн үзэсгэлэнд дэлгэсэн угийн бичээсээс тусгай номинацийн дагуу таван угийг бичгийг шалгаруулж шагнасан байна. Үүнд:- Чингис хааны Алтан ургаас эхлээд Баттөгс тайж хүртэл бүрэн судалгаа хийж, түүхчилж угийн бичгээ хөтөлсөн тул “Хамгийн баялаг түүхтэй угийн бичиг”-ээр Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Хиад боржигин овогт Агийн Дашсодном
- 6 овгийн угийн бичиг хөтөлсөн, бүгд ургийн баяр хийсэн, CD дээр буулган, угийн сүлд, дарцагтай байсан гээд бүх талаар үлгэр жишээ байсан тул “Сайн туршлага болохуйц угийн бичиг"-ээр Өмнөговь аймгийн Номгон сумын Хөрхийн шарнууд овогтой Цэдэнхүүгийн Нарангэрэл
- 22 метр урт гар бичмэлээр угийн бичгээ хөтөлсөн, 9 үеэ ажил, мэргэжлээр нь хүртэл ангилж, бичсэн тул “Хамгийн онцлог содон угийн бичиг”-ээр Даланзадгад сумын 6-р багийн Лимбэч овогтой Өлзийн Батжаргал
- 6 хүний шаштир түүхийг төрөхөөс насан эцэслэх хүртэл бүгдийг багтааж угийн бичгээ хөтөлсөн тул “Хамгийн шаштир түүхтэй угийн бичиг”-ээр Ханхонгор сумын Боржигоны анчин овогтой Зоригсайханы Нарангэрэл
- Сумын нийт овгийн угийн бичгийг гаргасан 53 угийн зураглал хийсэн тул “Хамгийн ураг төрлийн хэлхээ сайтай угийн бичиг”-ээр Мандал-Овоо сумын Тайж нар овогтой Ёндонжамцын Долгормаа нарыг шалгаруулж, урамшуулжээ.
Өмнөговь аймаг энэ оныг Өрх гэр бүлийн хөгжлийн жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд олон ажлыг хийж байгаа юм. Нэг өрх гэр бүлийн эрхэмлэн үе удамдаа үлдээдэг угийн бичээсийг ирээдүй хойч үедээ сурталчлан таниулахаар дээрх үзэсгэлэнг зохион байгуулжээ.