Сүүлийн үед зохион байгуулалттайгаар Монгол Улс дахь үндэсний цөөнхийн Үндсэн хууль хийгээд Олон улсын конвенцид заасан бүрэн эрхэнд халдаж, үндэсний эв эеийг бусниулж, хагарал үүсгэх зорилготой мэдэгдлүүд удаа дараа гаргах болсонтой холбогдуулан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн зүгээс дараах мэдэгдлийг гаргаж байна.
Монголын суу ухааны “Манукол” академийн ерөнхийлөгч хэмээх З.Бат-Отгон нь хэдэн хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол дахь казахуудын 11 өвөг эцэг жилд хэд хэдэн удаа залуучуудыг цуглуулан Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн газар нутагт Казахын улс байгуулах санаатай байна” хэмээн ор үндэслэлгүй зүйл ярьсан байна. Түүний энэхүү хэн ч итгэмээргүй, болчимгүй яриа нь ямар ч баримт үндэслэлгүй бөгөөд Казах түмнийг гүтгэн доромжилсон үйлдэл юм.
Мөн З.Бат-Отгон нь “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын залуус газар нутгаа казахуудад мөнгөөр зарж байна” хэмээн үндэслэлгүй, баримт нотолгоогүй зүйл ярьсанд туйлаас харамсаж байна. Цамбагарав уулын хойд энгэрийг Намарзан зуслан гэдзг бөгөөд харин Эрдэнэбүрэн сумын айлууд зусаж, намарждаг ч Эрдэнэбүрэн сумынхан газар нутгаа худалдаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Судлаач хэмээх З.Бат-Отгоны энэхүү үндэлслэлгүй, баримт нотолгоогүй яриа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг бутаргах, Монгол Улсын ард түмний дунд санаатай хагарал үүсгэх санаа зорилго агуулж байгаа мэт байгаа юм.
Түүнчлэн иргэн З.Бат-Отгон нь казахуудын тусгай улс байгуулах тухай санаархлыг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тус аймагг хүчний байгууллагуудын даргаар монгол хүн томилж онцгой гавьяа байгуулсан хэмээн ярилцлагадаа хэлсэн байсан. Баян-Өлгий аймгийн хүчний байгууллагын дарга нарыг одоо хүртэл казах сэхээтнүүдийн саналаар Урианхай, Дөрвөд, Тува, Халх, казах угсаатны хүмүүс томилогдон ажиллаж ирсэн. Гэтэл үүнийг Ц.Элбэгдоржийн гавьяа мэтээр тэрбээр олон нийтэд ойлгуулахыг хүссэн бололтой.
Дээрх нэр бүхий хүмүүс Монголын баруун хязгаарын ард түмний эв нэгдлийг бусниулснаас өөр гавьяа байгуулаагүйг энд зориуд тэмдэглэх нь зүй ёсны хэрэг билээ.
Иймд иргэн З.Бат-Отгон казах түмнээс албан ёсоор УУЧЛАЛТ гуйхыг шаардаж байна. Түүнчлэн баримт нотолгоогүй, улс төрийн алдаатай мэдээлэл тараасныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Бид уг асуудлыг хуулийн байгууллагад тавьж, шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна.
Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл