Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чөлөөлөх дайны ялалтын түүхэн ач холбогдол

 
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий дээд командлагч 1945 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тушаал гаргаж, Алс Дорнодын давших байлдаан ялалтаар дууссаныг Зөвлөлтийн арми, ард түмэнд мэдэгджээ. Тушаалд Алс Дорнодын байлдаанд Монгол ардын хувьсгалт цэргийн дайчид гарамгай байлдсаныг тэмдэглээд 8 дугаар сарын 23-ны өдрийн 22.00 цагт Москва хотноо 324 их буугаар 24 удаа ёслолын буудлага хийж, Өвөр Байгал, Алс Дорнодын фронтын цэрэг, Номхон далайн флот мөн маршал Чойбалсангийн армид баяр хүргэн ёслол үйлдсүгэй гэжээ. Ийнхүү Алс Дорнодод явуулсан дайн ялалтаар дуусаж, 1945 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Америкийн “Миссури” хөлөг онгоц дээр Япон улс бууж өгөх тухай актад гарын үсэг зурснаар дэлхийн хоёрдугаар дайн төгсгөл болов.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсад 9 дүгээр сарын 3-ны өдөр ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн Сүхбаатарын өргөн чөлөөнд баярын цуглаан болж, Монгол ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газрын дарга Ю.Цэдэнбал баяр хүргэн үг хэлэв. Баярын цуглаанд оролцогчид ЗХУ-ын удирдагч И.В.Сталин, В.М.Молотов, Өвөр Байгалийн фронт командлагч, маршал Р.Я.Малиновский нарт баярын цахилгаан илгээжээ. Ялалтын баярт зориулан Улсын хөгжимт драмын театр, Улсын циркийн жүжигчдийн тоглолт болж мөн өдрийн орой 21.00 цагт Сүхбаатарын өргөн чөлөөнд ёслолын буудлага, олон нийтийн цэнгүүн болжээ. Мөн хөдөө, орон нутагт ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэв. Чөлөөлөх дайнд оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн анги, нэгтгэлүүдэд болон чөлөөлөгдсөн хотуудад ялалтын баярыг тэмдэглэж, Монгол, Зөвлөлтийн армийн баатарлаг дарга, цэргүүдэд баяр хүргэжээ.
 
Энэ үед маршал Х.Чойбалсан Өвөр Монголд очиж, анги, нэгтгэлд болсон баярын цуглаанд оролцон, Байлдааны шинэ туг гардуулан Монгол, Зөвлөлтийн дайчдад баяр хүргэжээ. Түүнийг ЗСБНХУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд И.А.Иванов, Монгол ардын хувьсгалт цэргийн зөвлөх бөгөөд Жанжин штабын дарга, дэслэгч генерал И.Г.Рубин нар дагалдан явсан бөгөөд тэд цэргийн анги, нэгтгэлээр явж баяр хүргэснээс гадна чөлөөлөгдсөн хот, тосгодын түүх, дурсгалт газруудыг үзэн Цагаан хэрэм дээр гарсан байна.   
 
Маршал Х.Чойбалсан, Элчин сайд, хошууч генерал И.А.Иванов, хурандаа генерал И.А.Плиев, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар Луаньпин хотноо байрлаж байсан 8 дугаар морьт дивиз дээр 9 дүгээр сарын 3-ны өдрийн 15.00 цагт хүрэлцэн очжээ. Тэднийг цэргийн хуарангийн дундах өргөн чөлөөнд гоёмсгоор чимэглэсэн индрийн дэргэд хүрэлцэн очиход дивизийн дарга, дэд хурандаа Одсүрэн илтгэл өгч хөгжим эгшиглэн маршал Х.Чойбалсан дарга, цэргүүдтэй мэндчилэн ялалтын баяр хүргэжээ. Маршалыг баяр хүргэсний дараа дахин хөгжим эгшиглэж, дарга, цэргүүдийн сүрлэг уриа цуурайтан байх үед маршал Х.Чойбалсан индэр дээр гарч үг хэлэв. Түүний дараа анги, салбарууд индрийн өмнүүр баярын жагсаалаар явж тус тусын байрлалдаа очихдоо “Манай наран маршал Чойбалсан” хэмээх дууг дуулан явж байсан тухай түүхэн баримтад тэмдэглэжээ. 
Ийнхүү 1945 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монголын ард түмэн, армийн дайчид ялалтын баярыг Улаанбаатар хот, хөдөө, орон нутагт төдийгүй чөлөөлөгдсөн хотуудад өргөн дэлгэр тэмдэглэжээ. Энэ баяр бол монголчуудын хувьд онцгой чухал ач холбогдолтой үйл явдал байв. Учир нь 1920-иод оны дунд үеэс хойш бараг 20 гаруй жил улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж байгаа хамгийн аюултай, заналт дайсан бол Япон хэмээн сурталчилж ирсэн тул тэрхүү дайсныг дарж устгаагүй цагт бид хэзээ ч амар тайван аж төрж чадахгүй гэсэн ойлголт монголчуудын оюун санаанд бат шингэсэн байв.
Ялалтын баяр манай ард түмний урам зориг, эх оронч үзэл санааг сэргээж, ирээдүйд эх орондоо эзэн болж, айх аюулгүй, амар тайван амьдрах болно гэсэн итгэл найдварыг буй болгожээ. Ийм итгэлээр жигүүрлэсэн малчид, хөдөлмөрчид нам, засаг, хувьсгалт цэрэгтээ ялалтын баярын илэрхийлэлт болгон бэлэг ирүүлсээр байв.
 
 
Тухайлбал, Архангай аймгийн төвийн идэвхтэн эмэгтэйчүүд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Н.Янжмаад ялалтын баярын илэрхийлэлт ирүүлж, ах дүү Өвөр Монгол, Баргын ард түмэнд эрх чөлөө олгогч Монгол ардын хувьсгалт цэргийн хүчин чадлыг зузаатгахад зориулан 2337 төгрөг, сүлжмэл эдлэл, алтан ээмэг, бөгж зэрэг бэлэг ирүүлжээ. Аймгийн Намын Хорооны бичээч Янжинлхам, ажилтан Энэбиш, бага эмч Лхамхүү нар тус бүр гурван цэнгийн алтан ээмэг, бөгж, нягтлан бодогч Батсүх хүүхдийнхээ хамт 350 төгрөг бэлэглэжээ.  Ийм жишээ олныг дурдаж болно.            
Ялалтын баярын дараахнаас Монгол ардын хувьсгалт цэргийн анги, салбарууд эх орныхоо зүг буцах маршийн бэлтгэлийг эрчимтэй хийж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хүлгийн жолоог залан бараг сарын дараа байнгын байрлалдаа ирэв. Харийн дайсныг өвдөг сөгдүүлэн ялалт байгуулсан дарга, цэргүүдийг эх орон нь баяр хөөртэй угтав. Тухайлбал, Монгол ардын хувьсгалт цэргийн 7 дугаар морьт дивиз 10 дугаар сарын 11-ний өдөр Байшинтад хүрэлцэн ирэхэд нам, төрийн төлөөлөгчид, цэргийн алба хаагчид, дарга нарын гэр бүл болон ардууд баяр хөөртэй угтан авч баярын цуглаан хийжээ. Дивизийн дарга, хурандаа Г.Дорж дивизийн бие бүрэлдэхүүнийг жагсаан Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Н.Янжмаад “Монгол ардын хувьсгалт цэргийн 7 дугаар морьт дивиз нь нам, засгийн даалгасан байлдааны үүргийг амжилттай биелүүлэн Японы эзэрхэг түрэмгий нарыг хоёр хөл дээр нь сөгдүүлж, зэвсгийг нь хураалгасан төдийгүй ах дүү Дотоод Монголын ард түмнийг чөлөөлж, хувьсгалт, тусгаар тогтносон Монгол Улсынхаа нэр алдрыг ихэд мандуулсан”-ыг илтгэжээ. Дараа нь ялалтын баярын цуглаан болж, дайнд яваад ирсэн дарга нарын гэр бүлийг төлөөлөн дивизийн Намын ажлын зааварлагч, ахлах дэслэгч Пүрэвжавын эхнэр Пагма баяр хүргэж үг хэлсэн байна. Монгол ардын хувьсгалт цэргийн 7 дугаар морьт дивизийн түүхэнд энэхүү баярт үйл явдлыг дүрслэн, “Энэ үед эмэгтэйчүүд нь дуулах баярлах ба хөгжмийн эгшиг цуурайтан дуугарч, дайснаа дарсан 7 дугаар баатарлаг дивизийн байлдагч нарын баярын амьсгалыг тэнгэр, газарт багтахгүй болтол бадруулан байсан” бөгөөд орой нь “Дивиз ба ангиудын удирдлагын хамтарсан цайллага болж баярын хундага өргөж, ард түмэндээ гавьяа байгуулсан их ялалтыг илэрхийлэн инээдэм шуугиан болж байгаа нь манай эцэг өвгөдийн үүрдийн эрэлхэг дайчин эх оронч нарын уламжлал мөн болсныг үзүүлэв” гэжээ.
 
Чөлөөлөх дайн Монгол, Зөвлөлтийн цэргийн ялалтаар төгсөж, манай дарга, цэргүүд эх орон, ард түмнийхээ үүрэг, тушаалыг нэр төртэй биелүүлэв. Байлдааны ажиллагааг чадамгай удирдсан, гарамгай байлдсан Монгол ардын хувьсгалт цэргийн генерал, офицер, түрүүч, байлдагч 2300 гаруй хүнийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн дээд шагнал одон, медалиар шагнаж урамшуулснаас 500 орчим нь Байлдааны гавьяаны улаан тугийн одон хүртжээ.
 
Тулалдааны талбарт баатарлагаар байлдаж амь үрэгдсэн Монгол ардын хувьсгалт цэргийн 7 дугаар хуягт бригадын пулемётчин Л.Аюуш, баатарлаг байлдсан С.Дампил, миномётчин Д.Данзанваанчиг нарыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын Баатар цолоор шагнажээ. Хожим нь 7 дугаар Хуягт бригадын дарга Д.Нянтайсүрэн, салааны дарга Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив нарыг  мөн БНМАУ-ын Баатар цолоор шагнасан юм. 
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар Монгол ардын хувьсгалт цэргийн 302 генерал, офицерыг одон, медалиар шагнасан бол Зөвлөлтийн Улаан армийн 513 генерал, офицер, бага дарга, цэргийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн одон, медалиар шагнажээ. 
Монгол, Зөвлөлтийн армийн ялалтаар төгссөн Чөлөөлөх дайн бол зөвхөн Ази дахь дайны төгсгөл бус бүтэн зургаан жил үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл болсон юм. Энэхүү дайн дууссанаар дэлхий дахинд энх амгалан байдал тогтож, олон улс орон тусгаар тогтнолоо тунхаглаж, хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн шинэ эрин үедээ орсон билээ. Чөлөөлөх дайны ялалт нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг хамгаалах, олон улсын тавцанд бататган бэхжүүлэх үйлсэд онцгой чухал ач холбогдолтой болсон юм.  
 
Чөлөөлөх дайны ялалт нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ч чухал түлхэц болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Дайны төгсгөлөөр Барга, Өвөр Монголоос олон зуун айл өрх тус улсад нүүдэллэн ирснээр манай улсын хүн ам, эдийн засаг, нийгэм, шашин, соёл болон засаг захиргааны зохион байгуулалтад багагүй өөрчлөлт орсон нь үүний нотолгоо болно. 
 
Чөлөөлөх дайны төгсгөлөөр Хөлөнбуйрын Барга болон Өвөр Монголоос БНМАУ-д ирсэн хүмүүсийг доорх хүснэгтээс харахад Бүгд Найрамдах Монгол Ард Улсад 1765 өрхийн 6154 хүн орж ирсний 600 орчим өрхийн 2000 орчим хүн нь 1931-1932 онд эх орноосоо дүрвэн гараад буцаж ирэгсэд, бусад нь амьдрах зорилгоор шинээр нүүж ирэгсэд байжээ. Барга, Өвөр Монголоос олон зуун айл өрх Монгол Улс, монгол үндэстнийхээ гал голомтыг зорин нүүж ирсэн нь БНМАУ-ын хүн ам, мал сүргийн тоо толгойн өсөлт, угсаатны бүлгийн харьцаа, эдийн засаг, соёлын хөгжилд зохих түлхэц болсон билээ. Тэд Монгол Улсдаа ирээд эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө үнэнч шударгаар хөдөлмөрлөж, дундаасаа алдар суутай цөөнгүй хүмүүсийг төрүүлсэн юм. Барга, Өвөр Монголчуудын монголоо зорьсон нүүдэл бол үндэснийхээ эв нэгдэл, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөөх тэмцэл байв.
 
 
Доктор (Ph.D), профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмарсамбуу
 
 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ