Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулсаас усжих томоохон голууд үерийн түвшинг даван үерлэж байгааг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Шишгэд зэрэг томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 14-45 см-ээр нэмэгдэж Дэлгэрмөрөн, Гуна, Үүр, Бэлтэс зэрэг гол үерийн түвшинг 19-40 см-ээр даван үерлэж байна. Бусад томоохон голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 4-80 см –ээр их байна. Иймд дээрх гол мөрний дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, ард иргэдийг үер усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.