Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх боломжгүй болжээ. Учир нь тус сургуулийн хашаанд орон сууцны барилгын ажил эхэлсэн байна.
Нэгдүгээр сургуулийн дэргэд сурагчдын дотуур байрны зориулалт бүхий барилга анх 1973 онд ашиглалтад орсон. Улмаар тус сургуулийн багш нар хувьд шилжүүлэн худалдан авснаар 17 айл өрх саяхныг хүртэл амьдарч байжээ.
Ингээд тус барилгыг цаашид ашиглах боломжгүй болсон гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, оршин суугчдын хүсэлтээр барилгыг нурааж, дахин төлөвлөлтөд оруулсан байна. Ийнхүү одоогийн байдлаар 35 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөгдөж, барилгын суурь тавьжээ.Уг барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн боловч удаашралтай, зогсонги байсаар хичээлийн шинэ жилтэй золгоод байна.
Өчигдөр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон бусад мэргэжлийн байгууллагаас тус сургуулийн гадна, дотор орчинд эрсдэлийн үнэлгээ хийжээ.
Улмаар сурагчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй орчин нөхцөл үүссэн байгаа тул цаашид тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх боломжгүй гэх утга бүхий мэдэгдлийг сургуулийн захиргаа, мэргэжлийн байгууллагаас гаргасан байна.
Үүнд хүүхдийн аюулгүй сурах орчин бүрдээгүй учраас шинэ хичээлийн жилийг эхлүүлэх боломжгүй гэж мэргэжилтнүүд онцолж байсан.
Нэгдүгээр сургууль дээр багш, сурагч нэвтрэх хоёр хаалга байна. Нэг хаалганы хэсэгт нь барилгын компанийн үйл ажиллагаа явж буй юм. Иймээс 2300 гаруй хүүхдийн эрх ашгийг хөндөж хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх үү, эсвэл барилгын компанийн техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэх гэсэн хоёр маргаантай асуудлыг талууд ярилцаж, яаралтай шийдвэрлэхийг мэргэжилтнүүд зөвлөв.
Энэ хүрээнд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн зүгээс шат шатны байгууллагад зөвлөмж, шаардлага хүргэн ажиллана гэж мэдээллээ.
Хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй боловсролын салбарын байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт шалгалтын ажил үргэлжилнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.