Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Х.Нямбаатар сайд балиашигласан хуулиа баллуурдана гэв



Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ сарын 18-нд мэдээлэл хийж, ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах эрхзүйн шинэчлэлийн хөтөлбөрийг танилцуулсан.  Ингэхдээ шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд ҮАБЗ-өөс шүүгчдийг томилдог асуудлыг нэн тэргүүнд зогсоохоо мэдэгдсэн нь анхаарал татаад байна.  Тэрээр мэдэгдэлдээ  “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бус, бие даасан байдлаар байгуулах, орон тооны гишүүдтэй болгох зорилт дэвшүүлж байгаа. Аравдугаар сарын эхний хэлэлцэх асуудлаар Шүүхийн төрөлжсөн хууль орохоор бэлтгэл ажил хийгдэж байна. Үүнтэй зэрэгцэж Шүүгчийн сахилгын хороо гэх Үндсэн хуулийн байгууллагатай болно. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, чөлөөлөх цонхыг нэн яаралтай хаахгүй бол Монгол Улсад хараат бус шүүх засаглал устана. Тийм учраас бид энэ цонхыг нэн тэргүүнд хаахыг зорьж байна” хэмээсэн юм.
Шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг болох хуулийн заалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьж, УИХ өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард яаралтайгаар хэлэлцэн баталж байв. МАНАН-гийн гэгдэх Ц.Элбэгдоржийн томилсон Ерөнхий шүүгч, Ерөнхий Прокурор, АТГ-ын дарга нарыг энэ хуулийн заалтаар солино гэсэн агуулгатай мессежийг тухайн үед олон нийтэд өгсөн. Хууль батлагдаж,  ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг ёстой дур зоргоороо сольсон  доо.  Тухайн үед энэ хуулийн заалтыг  батлах ёстой гэсэн лоббиг хийж байсан хүн нь яах аргагүй Х.Нямбаатар гишүүн. Харин өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд болсныхоо дараа энэ хууль л болохгүй байна, өөрчилнө, шинэчилнэ, авч хаяна хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаж байна.
Хуулийг хэлэлцэж байх үед УИХ-ын цөөнгүй гишүүн уг заалтыг эсэргүүцэж байжээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар уг асуудлыг шүүмжилж байлаа. Мөн зарим гишүүн нэг удаа үйлчлэх заалт оруулахыг санал болгож байсан.  Харин Х.Нямбаатар тэр болгонд эсрэг байр суурь илэрхийлж байсан.
Тухайлбал, 2018 оны гуравдугаар сарын 12-нд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ зарим шүүгчийн авлигыг дэлгэж, энэ салбарынхантай багахан хэмжээний тэмцэл өрнүүлээд авав.  Тэрээр “Шүүх засаглал сүүлийн 28 жил нэг ч удаа ард түмнээр дүн тавиулаагүй. Тэд нар ард түмнээс урвасан.
Өнөөдөр нууц биш, захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар хөрөнгөжсөн. Зарим шүүгчийн дансанд сая ам.доллар байсан. Эхнэр нь нотариат хийдэг, таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Бид нар ийм шүүгч нартай шударга ёсны тухай яриад яах юм бэ. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шат нь 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг яриа явчихлаа. Энэ хүмүүст бид хамгийн өндөр цалинг өгч, бүх насаар нь томилж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “шударга л байя” гэж байгаад эхлүүлсэн шүүхийн шинэчлэлийн үр дүн энэ” хэмээн ярьсан байдаг.  Үүний дараа ШЕЗ-өөс мэдэгдэл гаргаж,  Х.Нямбаатарыг уучлал гуйхыг шаардсан . Харин Х.Нямбаатар уучлалт гуйх шаардлагагүй хэмээн мэдэгдсэн. Энэ үеэс л тэр шүүхийн шинэчлэлийн талаар дуугарч, эхлэв.


2019 оны гуравдугаар сард, Ерөнхийлөгч хуулийн төслийг өргөн мэдүүлсний дараа тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа,  Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн гол агуулга нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэж зарим хууль хүчний байгууллагуудыг удирдлагыг чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох. Би жилийн өмнөөс “Шүүхийн байгууллага, шүүх засаглал авилгад идэгдлээ. Бие даасан хараат бусаар ажиллаж чадахгүй байна, хууль бусаар шүүгчид баяжсан” гэж ярьж байсан. Иймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ хуулийн төсөл нь  Үндсэн хуультай зөрчилдөхгүй. Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн яриа гарч байгаа. Хууль тогтоомжийн тухай хуульд яаралтай горимоор өргөн барих эрх зүйн орчин бий. Үндсэн хуульд томилж чөлөөлөх эрхийг тодорхой субъектэд өгсөн. Шүүхийн захиргааны байгууллага буюу Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг сонгон шалгаруулах шүүхийн бие даасан хараат байдлыг бий болгох эрх үүргийг нь олгосон.  Цаашид бид шүүх захиргааны байгууллагын хуулийг шинэчилж хараат бус шинж чанар руу оруулах алхмыг нэн яаралтай хийх хэрэгтэй гэсэн байдаг.  Тэгэхээр Х.Нямбаатар сайд тухайн  үед энэхүү хуулийн заалтыг Үндсэн хуультай зөрчилдөхгүй хэмээн үзэж дэмжиж байв.
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдсаны дараа буюу  2019 оны зургадугаар сарын 21-нд, нэр бүхий шүүгчдийг чөлөөлөх асуудлаар таван гишүүн  ҮАБЗ-д  хандлаа.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзанзан, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар байв.  Тэд “Шүүх засаглалыг эрүүлжүүлэх ажилдаа орсон” хэмээн мэдэгдэж байсан юм.   ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатар хуулийн үйлчлэлийг шаардаж,  тэр дунд явж л байсан.
 Мөн тэрээр 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Тодорхой бүлэг хүмүүс дархан эрх ямбаараа хамгаалагдаж, гэмт этгээдүүдэд “хуулийн хамгаалалт” олгож, шударга ёсыг өөрсдийн хүрээнд хязгаарлаж байгааг ҮАБЗ-ийг бүрдүүлдэг субъектууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа юм. Тиймээс ч энэ хуулийг санаачилсан гэж бодож байна. Мөн зарим хуульчдын яриад байгаа шиг Монгол Улсын Үндсэн хуульд халдсан зүйл огт байхгүй. Нэгд, Монгол Улсын Үндсэн хуулийн Шүүх эрх мэдэл бүлэг, 51-р зүйлд, “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн Үндсэн хуульд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зохицуулалт байхгүй. Тэгэхээр ҮАБЗ дур мэдэн шүүгчийг огцруулах гэж байгаа мэт олон нийтэд ойлгуулж байгаа нь нэг талаасаа төөрөгдүүлэлт юм. Хүмүүсийн шүүмжлээд байгаа шиг ҮАБЗ-д хүссэн шүүгчээ шууд огцруулах эрх олгогдоогүй. Санал хүргүүлэх эрх үүсч байгаа.  Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах ёстой. Хоёрт, ҮАБЗ-өөс ШЕЗ-рүү огцруулах саналаа, үндэслэлтэйгээ хүргүүлнэ. ШЕЗ тухайн саналыг хүлээн авч шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг эсэхийг хэлэлцэнэ. Эцсийн шийдвэр бүрийг ШЕЗ гаргаж байгаа. Энэ нөхцөлд ямар ч Үндсэн хуультай зөрчилдсөн зүйл байхгүй. Өнөөдөр ноцтой байдал үүсэн үү? Үүссэн. Хүнийг цагдан хорих байранд эрүүдэн шүүсэн гэдгийг бичлэгээр үзүүллээ. Бүх хүнд үзүүлж харуулах аргагүй тийм хэцүү бичлэгүүд байгаа талаар тагнуулын байгууллагынхан хэлж байгаа. Хууль хяналтын байгууллага энэ мэт олон асуудалд харсаар байж хөдлөхгүй байна. Ийм зүйл өнөөдөр ил болчхоод байхад энэ асуудлыг зогсоох ёстой хүмүүс нь зогсоохгүй байна. Тиймээс ард түмнээсээ сонгогдсон ерөнхийлөгч, ард олноосоо сонгогдсон 76 гишүүнийг төлөөлсөн УИХ-ын дарга, Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн нар ажиллах ёстой” хэмээжээ.
Дараа нь 2019 оны долдугаар сарын 24-нд Төрийн ордонд “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ үеэр “ Шүүгчдийг сонгодог байх тогтолцоо нь хамгийн сул талтай хэмээгээд сонгогдохын тулд зүй бус амлалт өгч, мөнгөний хамааралтай болох магадлалтай”  хэмээжээ.
Ийнхүү Х.Нямбаатар сайд өнгөрсөн дөрвөн жил гишүүн байхдаа шүүгчийн ёс зүйн асуудлыг барьж аваад бараг л шийдчихсэн юм байна.   Телевизийн нэвтрүүлэгт орж, шүүгч нарын дансыг дэлгэж олон нийтийн дунд шуугиан дэгдээв. Дараа нь Ерөнхийлөгч хууль санаачлахад дэмжив.   Хуулийн батлагдсаны дараа үйлчлэлийг нэхэж,  ҮАБЗ-д хэд хэдэн шүүгчийг “ховлож” чөлөөлүүлсэн гишүүн нь ч тэр.  Харин өнөөдөр сайд болчихоод өөрийгөө үгүйсгэж, өнгөрснөө баллуурдах үйл ажиллагааг эхлүүлэх нь гэж ойлголоо.


Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ