Төв /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын удирдах ажилтны сургалтын үеэр багшийн үндсэн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ерөнхий боловсролын 30 сургууль, 33 цэцэрлэгт тус бүр нь 1.750.000 төгрөгийн өртөг бүхий зөөврийн компьютер олголоо.
Уг сургалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хүрэлцэн ирж аймагт хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч, нийт боловсролын салбарын удирдлагууд, багш, ажилчид, сурагчдад хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлсэн бол аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав “2019-2020 оны хичээлийн ажлаа дүгнэж, 2020-2021 оны хичээлийн жилийн зорилт, боловсролын салбарын ололт, амжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм.
Мөн энэ жилийн нөхцөл байдалтай холбогдуулан 30 сургууль, 42 цэцэрлэгт 500 граммын 400 ширхэг гар ариутгагчийг гардуулан өгсөн бөгөөд ЭЕШ-д бэлтгэсэн сурагчид нь 800 оноо авсан багш нар болон үйл ажиллагаагаараа бусдыгаа хошуучилсан Баянхангай, Аргалант, Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийг шилдгээр нэрлэж, зарим багш нарыг аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.