Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

М.Дашдулам: Төв аймаг 11 сумаас хадлан бэлтгэх боломжтой



Төв /МОНЦАМЭ/. Мал, аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдэл хийгээд цаг үеийн асуудлаар Төв аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга М.Дашдуламтай ярилцлаа.

-Энэ жил хэчнээн сая толгой мал төллөв. Үүнээс малын хорогдол эндэгдэл хэр гарсан бэ?

-Төв аймгийн хувьд нийтдээ хоёр сая нэг зуун эх мал төллөхөөс нэг сая 800 мянган мал төллөж төл бойжилт 85,7 хувьтай байна.  Малын хорогдол эндэгдэл өмнөх онуудаас бага байгаа. Байгалын давагдашгүй хүчин зүйл, малын өвчлөл гэх зэргээр нийт 75 мянган толгой мал хорогдсон байна.

-Төв аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

-2020 оны тавдугаар сараас эхлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө гаргаад бүх сумдад үүрэг чиглэл өгөөд ажиллаж байна. Жил бүр малчин, мал бүхий иргэдийн өвс хадлан бэлтгэх төлөвлөгөө аймгийн Засаг даргын даалгавар гардаг. Энэ жилийн тухайд малчин мал бүхий иргэд 138,2 мянган тонн хадлан, 36,1 мянган тонн гар тэжэээл бэлтгэх даалгавар өгөгдсөн байна.

-Өвс, хадлан тэжээлийн бэлтгэл ажлын талаар?

-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүр аймаг сумдын аюулгүй нөөцөд өвс хадлан нөөцлөх даалгавар өгөгддөг. Энэ жилийн хувьд  Төв аймагт Засаг даргын аюулгүй нөөцөд 600 тонн өвс, 150 тонн тэжээл нөөцлөх, сум болгон  150 тонн өвс, 40 тонн тэжээл нөөцлөх ёстой. Тиймээс Сэлэнгэ аймгийн Баруун, Зүүн хараа, Хэнтий, Дорнод чиглэл рүү зарим сумдын  хадланчид хадлан бэлтгэх боломжоо судалахаар ажиллаж байна. Төв аймаг 11 сумаасаа хадлан бэлтгэх боломжтой гэж үзэж байгаа. Түүнчлэн хадлан тэжээл бэлтгэх техникийн бэлэн байдал 82 хувьтай, том оврын трактор 200 орчим, бага оврын трактор  612, автомашин 459, гар хадуур 722, морин хадуур 50 гэх зэргээр техникийн бэлэн байдлаа хангасан. Жил бүр 60-70 хадлангийн салаа Хэнтий, Сүхбаатар, Дорнод  зэрэг аймгуудад гарч хадлан бэлтгэдэг. Энэ жилийн хувьд Цээл, Угтаал, Жаргалант, Сүмбэр сумдаас 70 орчим хадлангийн салаа Хэнтий, Сүхбаатар, Дорнод чиглэл рүү хадлан бэлтгэх саналаа ирүүлсэн. Үүнийг тухайн аймгийн удирдлагуудтай манай аймгийн удирдлагын зүгээс албан тоот хүргүүлэхээр ярилцаж байна.

-Өнгөрсөн жилийн бэлтгэсэн аюулгүй  өвс, тэжээлийн нөөц байгаа юу?

-Одоогийн байдлаар сумдад аюулгүй нөөцийн өвс тэжээл байхгүй. Харин Аргалант, Батсүмбэр, Жаргалант, Цээл, Угтаал, Өндөр-ширээт зэрэг сумдад өнгөрсөн жилийн үлдэгдэл 100 орчим тонн өвс байгаа. Төв аймгийн хувьд өнгөрсөн жилийн нөөцөлсөн өвсөө энэ хаврын мал төлөллөх үеэр бүх сумдадаа  хөнгөлөлтэй болон үнэгүй олгосон.

-Энэ жил бусад  аймгаас отроор хэчнээн өрх зусаж байгаа вэ?

-Манай аймгийн газар тариалан бүхий сумд Баяндэлгэр, Архуст, Эрдэнэ гэх зэрэг энэ жил зуншлага сайтай байгаа учир дээрх сумдад аймгийн хэмжээнд 261 өрхийн  211 мянган мал отроор зусаж байгаа. Харин манай аймгийн есөн суманд Өвөрхангай, Дундговь аймгуудын  324 өрхийн  310 мянган толгой мал отроор зусаж байна.

-Хэчнээн мянган толгой мал отроор өвөлжих тооцоо байна вэ?

-Жил бүрийн аймаг дундын отрын бүс дундын нутаг буюу Хөхдэл, Чилэнгийн бүс нутаг, Хэрлэнбаян-улааны отрын бүс нутгуудад малчид малаа өвөлжүүлэхээр саналаа ирүүлдэг. Энэ жилийн хувьд Хөхдэл, Чилэнгийн бүс нутагт дөрвөн сумын 89 өрх, Хэрлэн-баян-Улааны отрын бүс нутагт найман сумын 200 гаруй өрхийн 190 гаруй мянган мал өвөлжихөөр саналаа ирүүлсэн. Харин манай аймгаас Хэнтий Сүхбаатар Говьсүмбэр  Сэлэнгэ зэрэг аймгуудад 42 өрхийн 36 мянган толгой мал өвөлжихөөр урьдчилсан тооцоо гарсан байна. Иймээс аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас аймаг, сум бүрд тодорхой квот өгдөг. Үүний дагуу гэрээ хэлцэл хийхээр аймгийн удирдлагууд Хэрлэн-Баян-Улаан болон отрын бусад бүс нутгийг үзэх чиглэлээр ажиллаж байна.

-Төв аймаг жил бүр адууг алсын оторт гаргадаг. Энэ жил хичнээн өрхийн хэдэн толгой мал оторт гарахаар санал ирүүлэв?

-Таван хошуу мал дотроос адуу урт хөлийн мал гэж үздэг  учраас алсын оторт гаргадаг. Энэ жилийн хувьд 14 сумын 90 гаруй галын 120 гаруй орчим толгой мал алсын оторт гаргахаар урьдчилсан байдлаар саналаа ирүүлсэн байна.

-Бэлчээр хамгаалах, үлийн цагаан оготно устгалын чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-Аймгийн хэмжээнд үлийн цагаан оготно хүндрэлтэй асуудал хэвээр байгаа.Жил бүр улсын болон аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 40-70 мянган га-д бэлчээрийн хортонтой тэмцэх ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд улсын төсөв хөрөнгөөр  70 мянган га-д, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 100 мянган га-д дөрөв, тавдугаар сард оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулсан. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 37500 га-д микробиологийн аргаар тэмцсэн энэ жил нийтдээ 180 гаруй га-д бэлчээрийн хортонтой тэмцсэн байна.

-Бэлчээрийн хортон нийт нутгийн хэдэн хувьд тархсан байгаа вэ?

-Төв аймгийн хувьд оготнын тархалт ургамал, газар тариалан, тархалт тандалтын судалгаа хийгдсэн. Тус судалгаагаар нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн хортон тархсан гэсэн судалгаа гарсан. Мэрэгч амьтан их тархсан газр цөлжилт их үүсдэг. Манай аймгийн хувьд голдуу мал ихтэй тал хээрийн бүс нутагт бэлчээрийн хортон  ихтэй байсан бол сүүлийн үед газар тариалангийн бүс нутаг руу орж эхэлсэн. Газар тариалан бүс нутгийн тариаланчид талбайн гадна дотор талаар мэрэгч амьтантай тэмцэх ажлыг хийж байгаа.

Энэ жил Зуунмод сумаас бусад бэлчээрийн хортон ихтэй 26 сумандаа орон нутгийн төсвөөс 100 сая, улсын төсвийн хөрөнгөөс 110 гаруй сая төгрөгөөр тэмцэх ажлыг зохион байгуулж ажилласан. Мөн энгийн микробиологийн аргаар 13 суманд 70 мянган га-д зохион байгуулсан. Харин өнгөрсөн жил хаврын улиралд  улсын төсвийн хөрөнгөөр 42 мянган га-д тэмцсэн бол намрын улиралд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 40 мянган га талбайд  бэлчээрийн хортонтой тэмцсэн.

-Бэлчээр усжуулалтад хэрхэн анхаарч байна вэ?

-Жил бүр орон нутгийн, улсын  төсвийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 20-39 худаг гаргаж байгаа. Энэ жилийн хувьд аймгийн хөрөнгө оруулалтаар  26 суманд 39 худаг гаргахаар дөрөвдүгээр сард тендер нь зарлагдаад дөрвөн компани ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 30 худаг шинээр гарсан байгаа бол Сэргэлэн, Алтанбулаг, Баянцогт, Баянөнжүүл, Баянцагаан, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант зэрэг сумдад худаг гараагүй байна. Ирэх долоо хоногт дээрх сумдын худаг гарна гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн баригдсан 39 худгийн 13 нь тал хээрийн бүсийн мал ихтэй сумдад гарч байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ