Манай улс 2021 оны намар 30 жилийн түү¬ хэн дээд хэмжээ буюу 390 000 тонн улаан буудай хураан авч байв. Үүндээ ч “хөөрсөн” үү, эсвэл нөхцөл боломжоо зөв үнэлж, хөгжихөөр тэмүүлснийх үү, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болно, экологийн цэвэр улаан буудай, гурил олон улсад нийлүүлж, үйлдвэрлэгч, тариаланчдын орлогыг үлэмж өсгөнө хэмээн мэдээлсэн. Гэтэл энэ намар улсын хэмжээнд 745 000 гаруй тонн ургац хураан авсны 252.3 мянга нь улаан буудай байв. Энэ нь буудайн хэмжээ өнгөрсөн жилийнхээс 35, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 65 хувиар багассан дүн боллоо. Улаан буудайнаас гадна энэ жил газар тариалангийн бүтээгдэхүүн буюу төмс, хүнсний ногоо, малын тэжээл болон тосны ургамлын хэмжээ 2024 оныхоос нийт 40 хувиар буурсан урьдчилсан дүнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцууллаа. Энэ бол улаан буудай, цаашлаад гурил, талх улам бүр импортын хамааралтай болж буй гэсэн үг. Яагаад ийм байдалд хүрэв, улаан буудай болон газар тариалангийн салбар уналтад оров уу. Цаа¬шид ямар арга хэмжээ авч, юу хийж хэрэгжүүлэх бол. Энэ талаар сонирхлоо.
Ургац хураалтын урьдчилсан дүнгээс харахад манай улс хэрэгцээнийхээ улаан буудайн 62, төмсний 77, хүнсний ногооны 73 хувийг дотоодоос хангах боломж бүрдүүлжээ. Гурилынхаа 67 хувийг хангах буудайн нөөц бий гэсэн үг. Уг нь газар тариалангийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах, илүүдсэнээ экспортлох амбиц байсан ч төлөвлөж, төсөөлснөөр болсонгүй, салбарын хөгжил уруудах шатандаа оров. Үүнд 2021 оны хавар цар тахлын нөлөөллийг бууруулах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-аас 220 000 тонн улаан буудай импортолсон нь томоохон шалтгаан болжээ. Энэ талаар Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр “Хэдийгээр хүнсний нөөцийг нэмэгдүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлсэн ч тухайн үед буюу 2021 онд улсын хэмжээнд 400 000 тонн улаан буудайн нөөц байсан. Манай улс жилд 480 000 орчим тонн улаан буудай хураан, 320 000 тонныг нь тээрэмдэн, 240-250 мянган тонн гурил бэлтгэдэг. Энэ бол дотоодын зах зээлд хангалттай дүн. Гэтэл жилийн хэрэглээнийхээ талаас илүү хувийг импортолчихоор дотоодын нөөцийн будаа үнэгүйдчихэж байгаа юм. Тэр жил олон тариаланч “шатсан”. Үүнээс үүдэн тариаланчид “бид улаан буудай тарих шаардлага байна уу, худалдаад авчих зүйлийг тарих гэж хичээгээд яах вэ” хэмээн эргэлзэх болсон. Тэр даруй л 2022 онд улаан буудайн тариалалтыг 20 хувиар багасгасан. Ер нь төр засгийн яаран гаргасан буруу шийдвэр л аж ахуйн нэгжүүдэд хүнд тусдаг. Дотооддоо үйлдвэрлэх боломжтой ялангуяа стратегийн бүтээгдэхүүнийг гадаадаас худалдаж авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Улаан буудай импортлох тусам тариаланчид, гурилын үйлдвэрийнхэнд, улмаар дотоодын зах зээл, иргэдэд халтай” хэмээв.
ЗЭЭЛ БОЛ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ БИШ
Газар тариалан эрхлэх нь наймаа бизнес гэхээсээ илүүтэйгээр нөр их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг, байгаль цаг уураас хараат, хүнд ажил гэдгийг хэлэх хүн олон. Тиймдээ ч дээр дурдсанчлан улаан буудай болон бусад бүтээгдэхүүн тарих иргэн, аж ахуйн нэгжийн тоо буурсаар байна. Тодруулбал, 2022 онд 1590 аж ахуйн нэгж тариалан эрхэлж байсан бол 2023 онд 1553, өнгөрсөн жил 1511 болж, гурван жилийн хугацаанд 80 орчим компани үйл ажиллагаагаа зогсоосныг ҮСХ-ны тайлангаас харж болно. Үүнд цөөнгүй шалтгаан бий. Юуны түрүүнд ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгж санхүү, техникийн хувьд хөл дээрээ тогтохгүй, бэхжиж чадахгүй байсаар үүдээ барь¬даг аж. Хэдийгээр улсаас хөнгөлөлттэй зээл олгож, үр бордооны нийлүүлэлтийг сайжруулахад тусалдаг ч зээл авах банкны шалгуурт нийцдэггүй, үл хөдлөх хөрөнгө муутай компани олон гэнэ. Мөн тариалангийн бүс нутгийн гуравны нэг буюу 30 гаруй хувийнх нь хөрс элэгдсэн нь газрын шимийг бууруулж, нэгжээс авах ургацын хэмжээг багасган ашигт сөргөөр нөлөөлж буй аж. Тариалан эрхлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, шатахуун зэргийг бүгдийг нь импортолдог буюу зарцуулж буй зуун нэгж бүтээгдэхүүний 70-ыг гадаадаас худалдан авдаг, ам.долларын ханшийн өсөлт зэрэг нь аж ахуйн нэгжүүдэд хүнд тусдаг. Ажиллах хүчгүй болж, газар тариалангаар мэргэшсэн хүний нөөц, техникч, трактор комбайны жолооч ч нүдний гэм болсон аж.
Энэ тухай Сэлэнгэ аймгийн Орхон сумд үйл ажиллагаа явуулдаг “Хосбулаг” компанийн захирал Ц.Амгалан “Энэ жил манайх 400 орчим га талбайд тариалалт хийсэн. Талд нь улаан буудай, талд нь рапс тарьсан. Өмнө нь шар рапс тарьж хятадуудад зардаг байсан ч “Mind tech” компани буюу “Эзэгтэй” ургамлын тосны үйлдвэртэй танилцаад, ийм сайхан үйлдвэр барьж, экологийн цэвэр тос гаргаж байгаа залуучуудаа дэмжихээр 170-180 га-д хар рапс, үлдсэнд нь улаан буудай тарьсан. Харамсалтай нь, “шат¬ чихлаа”. Яаж ч хичээгээд болсонгүй. Уг нь нэг га талбайгаас багадаа 12-13 центнер ургац ав¬ чихдаг юм. Энэ намар гурван центнерийг хурааж, ердөө 35 тонн улаан буудай, 15 тонн рапстай л байна. Зардлаа нөхөх бүү хэл, хавар зээлсэн 200 гаруй сая төгрөгийн өр, ажилчдын цалин зэрэг сүйтгэл үлдлээ. Өнгөрсөн хавар, зун тариалангийн зуд буюу ган болсон. 5-7 дугаар сард бараг бороо оролгүй, хөрсөндөө огцом халж, ургамал хатсан. Супер элит үрээр, цаг хугацаандаа, технологийн дагуу тариалалтаа эхлүүлсэн ч байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртлөө. Тиймээс олон аж ахуйн нэгж нийлж, энэ жилдээ багтаан төлөх зээлээ ирэх он болтол хойшлуулах хүсэлт гаргасан. Цаг уурын болон онцгой байдлын байгууллагаас дүгнэлт гаргуулж, өргөдөл бичээд өгсөн. Зээл хойш¬луулах, эсэхийг мэдэхгүй байна. Уг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд маань салбараа сайн мэддэг, тариаланчдын зовлон, жаргалыг ойлгодог хүн. Бид зээлээ төлөхгүй биш, хойшлуулах л шаардлагатай бай¬гаа юм. Тариаланчдад улсаас хөнгөлөлттэй зээл, янз бүрийн тусламж олгож ирсэн ч дандаа гоншигнож байдаг гэх хүн бий. Бид авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, төлдөг. Улсаас үнэгүй юм огт авдаггүй. Бас улс төрийн янз бүрийн шийдвэрээс болж “шатах”, хөдөлмөр үнэгүйдэх нь олширч, газар тариалангийн салбарын хөгжил саарч байна шүү дээ” гэв.
Өнгөрсөн зун ган болсны улмаас ургацын хэмжээ дээр дурдсанаар огцом буурчээ. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл учир зайлс¬хийж чадсангүй. Тэгвэл өмнөх жилүү¬ дэд тариаланчид хөрөнгө хуримтлуулж, аливаа эрсдэлээ давах нөөц яагаад бий болгосонгүй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн гуравны хоёр хувь жижиг, дунд компани, хүнсний ногооны салбарынхан бол өрхийн үйлдвэрлэгч олонтой аж. Тэд хөрөнгийн барьцаа муутайгаас их хэмжээний, урт хугацаатай зээл авах боломж бага байдаг гэсэн. Бас тариалангийн техник, тоног төхөөрөмжүүд орчин үеийнх байх тусмаа үнэтэй. Нэг комбайн гэхэд л одоогоор 100 000 ам.долларын ханштай байгаа нь амархан худалдаад авах дүн биш гэнэ.
Үүнээс гадна хууль, журмын хэрэгжилт орон нутагт сул, хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч буй байгууллага, төрийн албаныхан алга гэлээ. Тухайлбал, Тариалангийн тухай хуульд тариан талбай руу 500 метрээс дотогш мал оруулахгүй, бэлчээхгүй гэж заасан ч хэн ч хэрэгжүүлэлгүй явж иржээ. Өдгөө малчин, тариачин хоёрын тэмцэл туйлдаа хүрч, тариаланчид аргаа барж байгаа аж. Хэдэн зуун га үргэлжлэх талбайгаа тойруулж хашаа татдаг ч аль нэг талаас нь эвдээд малаа оруулчихдаг гэнэ. Малын тоо толгой тогтмол өссөөр байгаа нь ч сөргөөр нөлөөлж, өдгөө таримлын бараг 30 хувийг мал идэж, талхалдаг болжээ. Энэ талаараа тухайн орон нутгийн удирдлага, цагдаагийн байгууллагад хэлээд ч ямар нэг үр дүнд хүрдэггүйг цөөнгүй тариаланч хэллээ. Мөн усалгаатай тариалан эрхлэх гарааны хөрөнгө нэлээд өндөр учраас жижиг, дунд аж ахуйн нэгжүүд хүч хүрэхгүй хэвээр байна. Тодруулбал, 100 га талбайд усалгааны систем суурилуулахын тулд багадаа 50 сая төгрөг зарцуулах учраас одоогоор зөвхөн том компаниуд л талбайгаа усжуулж эхэлжээ. Мөн бордоо, ургамал хамгааллын бодис маш үнэтэй байдаг аж. Манай улс энэ төрлийн бү¬ тээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэггүй, импортлогч аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгодог нь тариалангийн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна. Эсвэл тариаланчдыг өөрсдөө бордоогоо оруулж ирэх боломжоор хангах, дотооддоо бордооны үйлдвэр барих нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй байх нь. Үүнээс гадна тариаланч, гурилын үйлдвэр хоёрын дунд асуудал байсан хэвээр. Тодруулбал, тариаланчид үйлдвэрт тушаах буудайгаа тээвэрлэж очоод, шилүүлж сонгуулж байж өгөөд, үлдсэнийг нь буцаан авч явж хоёр талдаа тээврийн зардал гаргадаг байна. Мөн нийлүүлсэн улаан буудайн мөнгөө авч чадахгүй он дамнуулдгаас өрийн сүлжээ үүсэж, хөрөнгө хуримтлагдахгүй, урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр байгаа юм. Улаан буудайн тээвэр, худалдааг хэрхэн зохион байгуулах журам дүрэм бий ч хэн ч мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй явсаар ийм нөхцөлд хүрчээ. Тиймээс тариаланчид зах зээлээ бодон рапс, эсвэл тэжээл тариад өөрсдөө ирж худал¬дан авч, мөнгөө шууд өгдөг хятадуудтай нөхөрлөхийг илүүд үзэх болжээ.
“ХЯМД ГУРИЛЫН БОДЛОГО” ҮЙЛДВЭРҮҮДЭЭ ДАМПУУРУУЛЖ ЭХЛЭВ
Төрийн албаныхан, шийдвэр гаргах түвшнийхэн хэтэрхий дүлий, мэдрэмжгүй байдгийн нэг илрэл нь 2024 оны хавар импортын улаан буудай, гурилын гаалийн татварыг тэглэсэн явдал болжээ. Ийм шийдвэр гаргасан даруй жил хүрэхгүй хугацаанд 65 мянга гаруй тонн гурил татваргүй импортолсон байна. Сонгууль угтан “шоу хийхдээ” баруун хязгаар нутгийн иргэд хөрш улсуудаасаа хямд гурил авч, мөнгөө хэмнэнэ гэж үзсэн нь алдаа болж, одоогоор гурилын дөрвөн үйлдвэр хаагдаж, 3-4 нь үүдээ барьж магадгүй нөхцөлд хүрээд байгаа аж. Импортын гурил нь хямд байж шальсангүй ээ. Одоогоор Ховд аймагт борлуулж байгаа ОХУ-аас оруулж ирсэн 50 кг-ын савлагаатай нэгдүгээр зэргийн гурил 95 000-100 000 төгрөгийн ханш¬тай бол дотоодынх нь 110 000-120 000 гэж байна. Нэг шуудай импортын гурил 15 000-20 000 төгрөгөөр хямд байгаа хэрэг. Шуудай гурилыг 15 000-20 000 төгрөгөөр л хямд борлуулахын төлөө гурилын дөрвөн үйлдвэр хаагдаж, ахиад 3-4-ийг хаахад хүргэнэ гэдэг дэндүү их үнэ төлж буй хэрэг биш үү. Нөгөөтээгүүр, орос гурил чанар муутай, хог ихтэй, цавуулаг бага, амтгүй байдаг. ОХУ-аас хүний эрүүл мэндэд халгүй, чанартай гурил, тэжээл оруулж ирж буйд тавих хяналт, өндөр зэрэглэлийн лаборатори байхгүй гээд тоочвол олон сөрөг баримт байна.
ХХААХҮЯ-ны зүгээс салбартаа тулгамдаж буй асуудлыг шат дараатай шийдвэрлэн, төсөвтөө тохирсон дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, урам¬шууллыг аж ахуйн нэгжүүдэд олгосоор, хамтран ажилласаар ирснээ дурдсан. Тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл хийн, тариалах талбай, ургацын хэмжээг жил бүр өсгөж буй ч байгаль цаг уурын эрсдэлд өртөмтгий хэвээр гэдгийг онцгой анхаарч байна гэлээ. Мөн энэ жил үүссэн хүндрэлийг бууруулах зорилгоор 306 зээлдэгчийн, 4.2 тэрбум төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийг зургаа хүртэлх сараар хойшлуулахаар ярьж буй гэнэ. Үүнээс гадна улаан буудай, малын тэжээл, гурилын импортын татварыг буцааж ногдуулснаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих алхам болно хэмээн салбарын сайд үзэж, хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.
Эдгээрээс анзаарахад дотооддоо үйлдвэрлэж болох, ялангуяа стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог улаан буудай, гурилын импортод онцгой анхаарах шаардлага байна. Бодлогогүй гаргасан нэг удаагийн шийдвэрийн хор уршиг нэлээд олон жил үргэлжилж, үйлдвэр дампуурч, тариаланчид тариалангийн төрлөө өөрч¬ лөх, ургацын гарц муудахад ч хүргэж байгаа юм. Мөн бордоо, ургамал хамгааллын бодис, техник, шатахуун зэрэг шаардлагатай бүгдийг импортолдог учраас ядаж л төгрөгийн ханшийг чанга байлгах, улс орны салбар бүрийг тасралтгүй хөгжүүлж, урт хугацааны тогтвортой бодлого баримтлах шаардлага байна.
https://www.unuudur.mn/a/278737






